Ийржи Бродский: Виз мэдүүлэхдээ утсаар болон цахимаар бүртгүүлнэ
- 2017-11-29
- Нийгэм
- 0

Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамнаас визний мэдүүлгийг хүлээн авахдаа шинэ бүртгэлийн систем нэвтрүүлж буй талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийгоос зарим зүйлийг тодрууллаа.
-Манай улсын иргэдийг Чех улсад нэвтрүүлэхдээ яагаад мэдүүлгийн шинэ систем нэвтрүүлэх болсон бэ?
- Өмнө нь бид визапойнт системийг ашигладаг байлаа. Энэ системийг ашиглахыг ганц монголд биш дэлхийн 37 оронд хориглосон. Тиймээс бид шинэ систем нэвтрүүлэх шаардлагатай болж байна. Өмнө нь визапойнт системийг ашиглаж байхад иргэдийг визэнд оруулж өгөх нэрийдлээр зарим нэг хүн хээл хахууль авах тохиолдол цөөнгүй байсан. Харин шинэ систем хэрэгжиж эхэлснээр авилга авах, иргэдийг визэнд оруулж өгнө зэргээр хохироох тохиолдол багасна гэж бид найдаж байна. Тэгээд ч виз мөнгөөр гаргаж өгнө гэсэн хүмүүст хууртагдаж болохгүй шүү гэдгийг монголчууддаа анхааруулж хэлмээр байна.
-Шинэ системээр иргэд хэрхэн бүртгүүлэх вэ?
-Чех улсад оршин суух зөвшөөрөл хүсэгчид утсаар ярилцлагын тов тогтоох боломжтой болж байна. Бид “Нэг виз мэдүүлэгч- Нэг дуудлага” гэсэн дүрэм мөрдөнө. Богино хугацааны Шенгений виз болон ажил эрхлэлтийн карт мэдүүлэхээр ярилцлагын тов тогтоох тохиолдолд зөвхөн 70110223 дугаар руу залгаж, урьдчилж цаг авна. Хэрвээ виз мэдүүлэгч товлосон ярилцлагын цагтаа хүрэлцэн ирэхгүй тохиолдолд оронд нь өөр хэн нэгнийг хүлээн авахгүй бөгөөд тухайн виз мэдүүлэгч дахин журмын дагуу шинээр ярилцлагын товоо тохирно. Гэхдээ зөвхөн баасан гараг бүр 08:30 цагаас эхлэн дараа долоо хоногт хүлээн авах 54 ширхэг визийн өргөдөл хүлээн авах ярилцлагын тов олгохоор тохируулсан байдаг.
Харин урт хугацааны виз болон ажил эрхлэлтийн картаас бусад удаан хугацааны оршин суух эрхээр виз мэдүүлэхдээ “visa_ ulaanbaatar@mzv.cz” и-мэйл хаягт хандаж, дараа долоо хоногт хүлээн авах 15 ширхэг визийн өргөдлийн ярилцлагын тов олгохоор тохируулсан байдаг. Ярилцлагын тов и-мэйлээр илгээхдээ тусгай код ашиглах ба тухайн код Элчин сайдын яамны цахим хуудасны нүүрэн хэсгийн баруун дээд буланд улаанаар долоо хоног бүр шинэчлэгдэн тавигдана.
-Энэхүү системийн давуу тал нь юу байх вэ?
-Визапойнт системийг Монгол Улс 2009 оноос хойш хэрэглэсэн. Чех улсад одоогийн байдлаар 10 мянга орчим монгол иргэн ажиллаж амьдарч байна гэсэн албан бус тоо байна. Элчин сайдын яам тухайн жагсаалт руу ямарваа нэгэн аргаар нэвтэрч, жагсаалтыг өөрчлөх, мөн нөлөөлөх боломжгүй. Утасны дуудлагын хадгалсан яриа гаднын ямарваа нэгэн нөлөөнд өртөх боломжгүйгээр цахим хэлбэрээр хадгалагддаг болно. Ингэснээр виз мэдүүлэгчид Элчин сайдын яамны гадна хонон өнжин дугаарлахгүй болж байна. Түүнчлэн цаг авах тохиолдолд мөнгө төлөхгүй. Утасны дуудлагын яриа болон и-мэйлд ирүүлсэн он сар өдрийн дарааллаар цахим хэлбэрээр хадгалагддаг бөгөөд гадны нөлөөнд автахгүй. Хадгалагдсан материал гурван жил хүртэлх хугацаанд байна.
Г.НЯМСҮРЭН

Сэтгэгдэл (0)