Их, дээд сургуулийн багш нарыг төрөөс цалинжуулах нь зүйтэй

 УИХ-ын гишүүн Н.Учрал нарын санаачилсан Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн талаар МУБИС-ийн захирал Д.МАНДАХЫН байр суурийг сонслоо.

-Багш хүнд олон төрлийн чадамж шаардлагатай байдаг. Багш өөрөө эх оронч үзэлтэй, ур чадвар, дээд зэргийн ёс зүйтэй, өргөн хүрээний эрдэм мэдлэгтэй байж хичээл заах ёстой. Тиймээс багшийг хөгжүүлнэ гэдэг томоохон асуудал. Багш бэлтгэх тогтолцоог сайжруулах асуудал аль ч цаг үед байдаг. Мөн багшийн нийгмийн халамж, цалин урамшуулал, үнэлэмж зэрэг олон асуудал бий. Энэ мэт олон зүйлийг ярьж болох ч хамгийн түрүүнд багшаа сайжруулснаар боловсролын салбар бүхэлдээ сайжирна. Нийгмийн аль нэгэн хэсгийг тусад нь хуульчлах төвөгтэй байдаг. Жишээлбэл, эмч, жолоочийн тухай хууль гаргах ёстой гэж мэднэ. Гэхдээ үүнээс Багшийн тухай хууль гэдэг арай өөр өргөн хүрээний асуудал. Боловсролын хөгжил тэнцүү багшийн хөгжил. Багшийн хөгжил тэнцүү хүний хөгжил. Хүний хөгжил тэнцүү нийгмийн хөгжил гэсэн энгийн логик бий. Тиймээс тусгайлан хууль гаргах нь зөв. Багш бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох, өндөр оноотой хүүхдийг багшийн сургуульд элсүүлэх, багш бэлтгэх багш нарын чанарыг сайжруулах зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Үүнээс гадна хуулиар зохицуулах асуудал бас бий. Тухайлбал, багш бэлтгэдэг их, дээд сургуулийн санхүүжилтийн асуудлыг зохицуулах ёстой. Багш нар төрийн албан хаагч атлаа төсвийн мөнгөөр цалинждаггүй. Иймд цалингийн сангаа бүрдүүлэхийн тулд олон оюутан элсүүлэх зорилгоор тооны хойноос хөөцөлддөг. Тиймээс төрийн албан хаагч гэдэг утгаар нь багш бэлтгэдэг их, дээд сургуулийн багш нарыг төрөөс цалинжуулбал олон хүүхэд элсүүлэх, өндөр төлбөр тогтоох шаардлагагүй болно. Төлбөртэй холбоотой дарам шахалт оюутнуудад очихгүй. Мөн хуулийн төслийн нэр бол Багшийн хөгжлийн тухай. Үүнийг Багшийн хөгжлийг дэмжих тухай болгох нь зүйтэй.

Ц.Бат

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)