Б.Жаргал: Балетын залуу жүжигчдэд зөвлөх ахмад уран бүтээлч алга

УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Б.ЖАРГАЛТАЙ ярилцлаа. Сонгодог урлагийн театрынхан урын сангаа хэрхэн баяжуулж байгаа болон бусад сэдвээр бидний яриа өрнөсөн юм.

-Улсын дуурь бүжгийн эрдмийн театрынхан үйл ажиллагааныхаа хүрээг тэлж, гадаад харилцаагаа өргөжүүлсэн нь сүүлийн үеийн уран бүтээлээс нь харагдаж байна. Тун удахгүй нэгэн сонирхолтой бүтээлийг толилуулахаар бэлтгэж буй тухай сонсоод тодруулахаар ирлээ?

-Манай театрын бүжгийн ангийнхны хувьд шинэ бүтээл хийх ажил зогсонги байсныг балетын залуу жүжигчид өөрчилж чадлаа. Бид 2014 оноос жил бүр шинэ уран бүтээл хийж байна. Хүмүүс уран бүтээлийн хувьд зогсонги байсан гэхээр гайхаж магадгүй. Өмнөх жилүүдэд1970-1980-аад онд тавьсан ганц, хоёр балетыг сэргээн тоглодог байсан нь худал биш. Балетын урлаг Монголд хөгжөөд 50 жил болж байна. Дурдсан хугацаанд бид нэг л байрандаа эргэлдээд байсан. Харин одоо уран бүтээлчид маань залуужиж, 17-35 насныхан дуурийн театрыг авч явж байна. Тиймээс бид өмнөх жилүүдэд тавьж байсан хэдхэн бүтээлийг тоглоод байх бус шинэ зүйл хийхээр зориглосон юм. Үүний дүнд 2014 онд “Оргилуун дарс”, 2015 онд “Дөрвөн өнгө”, 2016 онд “Дэггүй Лиз”, энэ жил гаднын бүжгийн жүжигчидтэй хамтарсан бүтээлийг үзэгчдэдээ хүргэлээ. Ирэх жилийн дөрөвдүгээр сард шинэ бүтээл толилуулахаар ажиллаж байна.

-Өөрийнхөө театрын тайзнаас хальж, бүтээлээ хүргэх боломжтой газар бүрт сонгодог урлагаа сурталчлан таниулах ажил хийж байгааг сонссон. Энэ таны бодлого уу?

-Сонгодог урлагийг тодорхой хүрээнийхэнд зориулаад байгаа нь Монголын нийгэмд төдийлөн зохицохгүй байна. Өөрөөр хэлбэл, бидний бүтээл олон нийтэд хүрэхгүй байна. Тасалбарын үнэ нь бусад тоглолттой адилхан ч хүмүүс манай бүтээлийг үзэхэд өндөр үнэтэй хэмээн боддог. Үүнийг юуны түрүүнд өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Тиймээс бид Хэнтий аймагт аялан тоглож, 4000 гаруй хүнд уран бүтээлээ хүргэсэн. Сонгодог урлагийн бүтээлийг сурталчлах аяны хүрээнд Эрдэнэтийн иргэдэд бүжгэн жүжгээ толилууллаа. Бид энэ жилээс Японд байгаа бүжигчидтэйгээ холбоотой ажиллаж эхэллээ. Үүний хүрээнд Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд манай балетын жүжигчин байсан А.Хангай тоглолт зохион байгуулсан. Одоо залуу уран бүтээлчдийн хамтран байгуулсан “Номадик” продакшныхан арванхоёрдугаар сарын 14- нд “Ус” нэртэй тоглолтыг үзэгчдэдээ хүргэхээр бэлтгэж байна. Тэдний зарим нь Америк руу сургалтад хамрагдсан нь энэ бүтээлийг тайлан болгон толилуулах боломжтой болж буйгаараа онцлогтой.

-Сонгодог урлагийг нийтийнх болгоно гэхээр шүүмжлэлд өртөх байх. Анхнаасаа л тогтсон дэг жаягийг өөрчлөхөд танд амаргүй байх болов уу?

-Сонгодог урлагийг дээдсийн урлаг гэж ярьдаг. Гэтэл өнөөгийн Монголын нийгэмд энэ урлагийн бүтээлийг хэн ойлгож үзээд байгаа нь тодорхойгүй. Монголд сонгодог урлагийн бүтээлийг зорьж ирээд чин сэтгэлээсээ үздэг хүн хуруу дарам болсон. Тиймээс бид үзэгчдээ бэлтгэх шаардлагатай. Нөгөө талаар өнөөдрийн хүнд хэцүү цаг үед амьдарч байгаа хүмүүст урлагийн бүтээлийг хүргэвэл нэг ч болов зүйлээс гэрэл гэгээг олж харан, урам зориг авах байх. Тиймээс би ирэх зун “Sound of Mongolia” компанийнхантай хамтарч Дамбадаржаад задгай тайз засч бүжгэн жүжиг тоглохоор төлөвлөж байна. Хүн ам цөөн, зах зээл багатай ийм оронд бид сонгодог урлагийг хөгжүүлж чадсан мөртлөө яагаад хэсэг хүнд зориулах ёстой юм бэ. Дуурийн театрт 280 хүн ажилладаг. Энэ хүмүүс өдрийн дийлэнхийг театртаа л өнгөрүүлж байна. Үүнээс шалтгаалан Монголын нийгэм ямар байгаа, хүмүүсийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж буйг тэд тэр бүр мэддэггүй. Тиймээс залуучууд давамгайлсан энэ хамт олонд нийгмийн байдал ямар байгааг харуулах хэрэгтэй байгаа юм. Ийнхүү харилцаа холбоо, мэдээлэл дутмаг байдаг нь уран бүтээлчдэд нөлөөлдөг. Олон арван жил ажиллаж Монгол Улсын гавьяат жүжигчин болсон хүнийг гудамжинд хэн ч таньдаггүй. Энэ мэт байдлыг өөрчлөхгүй бол болохгүй байна. Тэгэхгүй бол балетын урлаг гэхээр Ю.Оюун, Г.Ганбаатараас өөр хүнийг мэддэггүй. Тиймээс би залуу уран бүтээлчдээ олон нийтэд танилцуулах хэрэгтэй гэж боддог. Миний хэлсэнтэй санал нийлэхгүй хүн байж болно. Зөрчил гарна. Угаасаа зөрчилгүй зүйл гэж байдаггүй шүү дээ.

-Шинэчлэл хийлээ ч үндэсний сонгодог урлагаа авч үлдэх нь чухал биш үү?

-Мэдээж үндэсний сонгодог урлагаа авч үлдэх ёстой. Мөн дахин давтагдашгүй сонгодог бүтээлээ ч тоглодгоороо тоглоно. Гэхдээ бид өнөөдрийн үзэгчдэд шинэ бүтээлүүдээ хүргэх ёстойг мартаж болохгүй. -Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий балетмейстерийн үгийг хүмүүс анхаарч чухалчлан хүлээн авдаг. Тэр хэрээр хариуцлага, шаардлага өндөр байдаг. Мөн шүүмжлэл ч бий? -Шүүмжлэл нь миний чихэнд хүрдэггүй юм. Хэл ам гарч байгаа бол магадгүй манай хүрээнд л гардаг байх. Гэхдээ театр дотор тийм хэрэггүй зүйл байхгүй гэж би боддог. Ер нь театраас гарсан хүмүүс дандаа гомдолтой байдаг.

-Яагаад?

-Аттестатын шалгалтдаа унасан эсвэл хувь хүн, ёс суртахууны хувьд тэнцээгүй асуудал байж магадгүй. Би энэ талаар сайн мэдэхгүй юм. Ийм хэл аманд орохыг ч хүсдэггүй. Ёс суртахууны хувьд би тийм хүн биш. Бидний хөгжихгүй байгаа ганцхан шалтгаан нь тулга тойрсон болсон, болоогүй маргаан юм. Гэхдээ энэ нь хоёр гуравхан хүнээс л гарч байгаа асуудал. Тэр хүмүүсээс “Та юу хийсэн юм бэ” гэж асуумаар байна. Хуучин бүтээлийг сэргээн тавих амархан. Тэртээ тэргүй хагас зууны түүхтэй урлаг хэзээ ч таг зогсохгүй. Бид үүнийг залгамжлан авч явна. Гэхдээ цоо шинэ бүтээлээр урын сангаа баяжуулан авч явна. Бас нэг харамсалтай зүйл бол балетын залуу жүжигчдэд зөвлөх ахмад уран бүтээлч алга. Байгаа хүмүүс нь хоцрогдсон байна.

-Цэцэгтэй зүйрлэвэл дэлгэрэх гэж байгаа залуу уран бүтээлчдийг ургуулах, услах чухал үүрэг танд байна. Уран бүтээлчдэдээ хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Өнөөгийн залуус маш өндөр боловсролтой болжээ. Хүссэн мэдээллээ аль ч улсын хэлээр олж судлах боломжтой болсон байна. Энэ нь тэдний хамгийн том зэвсэг юм. Бид боловсон хүчнээ улам чадваржуулахын тулд гадаад орчинтой танилцуулж, туршлага судлуулах хэрэгтэй байдаг. Манайд Майя Плицеская шиг уран бүтээлийнхээ төлөө амьдралаа золиосолж байгаа хүн ховор. Гэхдээ ховор гэдэг нь байхгүй гэсэн үг биш шүү. Бүх зүйлээ уран бүтээлдээ зориулж байгаа залуус бий. Тиймээс залуу уран бүтээлчдээ хөгжүүлэх хамгийн зөв зам нь гаднаас багш урьж авчрах. Бид жилд хоёр удаа гаднаас хүн урьж авчирч байна. Гаднаас ирсэн хүмүүс биднийг дүгнэхдээ “Монголын балетын урлагийнхан хүчтэй, чадварлаг боловсон хүчинтэй. Даанч хариуцлагагүй, залхуу байна” гэдэг. Балетын урлагийн талаар өнөөдөр ийм зүйл ярьж байгаа нь ахмад уран бүтээлчид багш болох хүмүүсээ бэлтгэж чадаагүйтэй холбоотой. Монголд балетын урлагийг 50 жил хөгжүүлэхдээ тэд багш бэлтгээгүй. Олон багш бэлтгэсэн бол залуучууд ийм зовлон үүрэхгүй байсан. Тиймээс бид 35 нас хүрсэн балетын жүжигчнийг багшаар бэлтгэх бодлого баримталж байна. Тухайлбал, Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Ганчимэг, А.Өлзий-Орших нарыг багшлуулахаар бэлтгэж байна.

-Та Д.Дашлхагва багшийн шавь. Зөвлөгөө хэрэгтэй болсон үед багштайгаа уулздаг уу?

-Багшаасаа зөвлөгөө авдаг. Багшийнхаа талаар ярихгүй байхын аргагүй. Миний үеийн уран бүтээлч шавь нарынх нь өдий зэрэгтэй явж байгаа нь багшийн минь гавьяа. Д.Алтанхуяг, Б.Батболд, А.Хангай, О.Лхагваа бид тав багшийн анхны шавь нар нь. Монголын балет өдий зэрэгтэй явж байгаа нь энэ хүнтэй холбоотой. Бид багшийнхаа үргэлжлэл нь юм.

-Балетын урлаг “хайрцаглагдсан” шалтгаан нь шүүмж судлал хөгжөөгүйтэй холбоотой гэж боддог юм. Шүүмж судлалыг хөгжүүлсэн бол ийм байдалд хүрэхгүй байсан?

-Шүүмж гэдэг төрөл зүйл Монголд үгүй болсон. Би хувьдаа шүүмжийг аль болох гаднаас хүлээж авахыг эрмэлздэг. Тэр дундаа үзэгчид хамгийн гол шүүмжийг хэлдэг гэж боддог. Яг өнөөгийн нийгэмд үнэн бодитой шүүмжийг гаднаас ирдэг багш нар л хэлж байна. Тэд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүйгээр байгаагаар нь л хэлдэг.

-Дуурийн театрын ерөнхий балетмейстерийн үг, үйлдэл олны нүдэнд ил байдаг. Ийм хүндтэй алба хашиж байгаа таны цаашдын ажилд амжилт хүсч ярилцлагаа өндөрлөе.

-Баярлалаа. Би алдсан алдаагаа засч амьдрах гэж хичээдэг. Одоо өөрийнхөө алдааг залуучууддаа давтуулахгүй байх том хариуцлага надад ирсэн учир уран бүтээлдээ шамдан ажиллаж байна.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)