Солирын бороо Монголд өнөөдөр хамгийн тод харагдана
- 2017-12-14
- Нийгэм
- 0

Геминидийн солирын бороо орох үзэгдэл арванхоёрдугаар сарын 13-14-нд шилжих шөнө дэлхий нийтэд ажиглагдах гэж байгааг мэргэжилтнүүд хэллээ. Эрдэмтэн, судлаачид дэлхийн хойд хагаст солирын бороо хамгийн тод харагдана гэж үзжээ. Солирын бороо буюу солирын урсгал ойролцоогоор долоо хоног үргэлжлэх бөгөөд оргил үе нь өнөөдөр болох юм байна. Монголын цагаар энэсарын 14-ний 17:30 цагт солирын урсгалыг бид илүү тод харах боломжтой гэнэ.
Солирын бороо гэх байгалийн энэ гайхамшгигт үзэгдлийн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Астрометрийн секторын эрхлэгч Н.Тунгалаг тайлбарлахдаа, “Хүмүүс солирын биет ганц нэгээрээ дэлхийн агаар мандалд орж ирж, шатах үзэгдлийг “од харвах” гэж нэрлэдэг. Харин солирын бороо гэдэг нь үүнтэй адил боловч олон тооны биет дэлхийн агаар мандалд орж ирж байгаагаараа онцлог. Энэ үзэгдлийг солирын бороо гэж нэрлэдэг. Дэлхий тойрог замынхаа явцад солирын бөөгнөрөлтэй таарах үед ийм тохиолдол ажиглагддаг. Солирын бороо жилд нэг эсвэл сард хэдэн ч удаа тохиолдож болно. Дэлхий нийтэд солирын бороо буюу солирын урсгал гэх энэ үзэгдэл 2017 оны арванхоёрдугаар сард гурав, дөрвөн ч удаа харагдана. Тэр дундаа хамгийн тод харагдах тохиолдол нь энэ удаагийнх буюу Геминидийн солирын бороо юм. Уг үзэгдэл нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст илүү тод харагдана” гэв.
Д.Мөнх

Сэтгэгдэл (0)