Айдас, осол авааргүй шинэ оноо угтъя
- 2017-12-22
- Нийгэм
- 0
Шинэ оноо угтаж, оргилуун дарс буудуулан баярлан цэнгэж буй үдшүүд үргэлжилсээр байна. Бүтэн жилийн ажлаа дүгнүүлж, ая дууны уянга яруу эгшгэнд умбан, наадаж, баярлан хөгжилдөх нь зүй билээ. Эндээс гэртээ харьж амраад өглөө сэрэхэд сэтгэл амар, баяр жаргал дүүрэн, нэг л сайхан мэдрэмж төрж байх аваас бүх зүйл аятай, таатай байсны илрэл тэр байх болно. Ийм сайхан мэдрэмжийг хараар “будсан” муу мэдээ урд жилүүдэд олонтаа сонсогддог байлаа. Хүмүүс тэр дундаа хүүхдүүд венгалийн гал мэтээс өгсүүлээд тэсэрч дэлбэрдэг салют зэрэгтэй буруу харьцаж гар хөлөө гэмтээх, эд эрхтнээсээ салсан гашуун үнэнийг бид мартах учиргүй. Энэ талаарх сэрэмжлүүлгийг худалдаачид болон эцэг эхчүүд үр хүүхдэдээ үргэлж хэлж, сануулж байх нь чухал. Томчууд ч анхаарал болгоомжтой байх ёстой. Архи дарсыг хэтрүүлэн хэрэглэснээс төөрч будилсан, хөл гараа хөлдөөсөн, амь насаа алдсан, аваар осолд орсон зэрэг аймшигт хар мэдээ жилийн жилд нь түгдэг. Ийм айдас хүйдсээс хол, аюул ослоос ангид байхад хувь хүний хичээл зүтгэл, болгоомж, сэрэмж тун чухал. Сүүлийн үед хүмүүс архи дарсыг тааруулан, хэтрүүлэн хэрэглэхгүй болж байна.
Согтуу хөлчүү хүмүүс ч гудамж талбайд харагдах нь цөөрчээ. Эндээс манайхан соёлтой хэрэглээнд суралцаж, ууж идэхдээ ч хэр хэмжээгээ мэдрэг болж байгаа нь сайны үлгэр жишээ юм. Гэвч “Сайны хажуугаар саар” гэгчээр гэнэ алдахгүй байхыг эрхэмлэн хичээх хэрэгтэй. Бие биесээ архи дарсаар шахахгүй, халамцсан нэгнээ унаанд суулгах, гэр оронд нь хүргэж өгөх гэх мэтээр болзошгүй аваар ослоос сэрэмжлэн шинэ оноо сэтгэл хангалуун, сайхан угтахад таны хичээл, сэрэмж, болгоомж тун эрхэм шүү. Бие амар, сэтгэл тайван байхаас илүү жаргал үгүй билээ.
Н.Бөхдамбий

Сэтгэгдэл (0)