АТГ-т бүтцийн өөрчлөлт хийхгүй

Авлигатай тэмцэх газрын удирдлагууд сар бүрийн 25-нд мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ дагуу хэвлэлийнхэнд өчигдөр мэдээлэл өгч, 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажил болоод нийгэмд дуулиантай хэргүүдийн талаар албан ёсны хариуг өгсөн юм.

“МОНГОЛРОСЦВЕТМЕТ”- ИЙН ЗАХИРАЛ ХЭРХЭН ХӨРӨНГӨЖСӨНӨӨ ТАЙЛБАРЛАЖ ЧАДСАНГҮЙ

Томоохон албан тушаалтнуудаас "Монголросцветмет" компанийн ерөнхий захирал Д.Ганболдыг баривчлан шалгасан нь нийгмийг цочроосон. АТГ-ынхны мэдээлж буйгаар, түүнийг гадаад улсад түүхий эд нийлүүлэхээр байгуулсан гэрээнүүдтэй нь холбоотой хэргээр саатуулжээ. Шалгалтаар хэд хэдэн компанид илт давуу байдал олгосноос гадна түүхий эдийг зах зээлийн ханшаас өндрөөр үнэлсэн. Мөн байгуулсан гэрээнүүд нь албан тушаал, авлига, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй улмаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Д.Ганболд өөрийн болон гэр бүлийнхнийхээ дансаар орж ирсэн их хэмжээний мөнгөний эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй, хэрхэн хөрөнгөжсөнөө ч баримтаар нотолж чадахгүй байгаа нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах гол үндэслэл болжээ.

МХЕГ-ЫНХНЫ АВЛИГАД АВСАН 500 САЯ ТӨГРӨГИЙГ ХУРААН АВЧЭЭ

Авлигын эсрэг судалгаагаар МХЕГ- ынхан авлига авдгаараа дээгүүрт жагсдаг. Үүнийг нотлох мэт МХЕГ-ын газрын алба, хэлтсийн дарга нарыг 2017 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрөөс яллагдагчаар татан шалгаж байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх албан тушаалтнууд бүлэглэн бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгохдоо хүнд суртал гаргаж, бусдыг чирэгдүүлдэг байжээ. Энэ нь хээл хахууль авах нэг арга байсныг АТГ- ынхан тогтоосон байна. Тодруулбал, хүнсний болон мал малын гаралтай бүтээгдэхүүн, шонхор шувуу, тахиа, гахайны мах, ургамлын гаралтай түүхий эд, рапс, самрын зөвшөөрөл олгохдоо хясан боогдуулах замаар нэр бүхий аж ахуйн нэгж, компаниудаас их хэмжээний хээл хахууль авсныг шалгалтаар тогтоосон байна. Мөн ажлын байр, орон сууцанд нь прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийхэд 500 гаруй сая төгрөгийн валют гарсныг хураан авчээ. Өдгөө тэднийг яллагдагчаар татан цагдан хориод байгаа юм.

ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХЫН ТУЛД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХАХУУЛЬ АВСАН УУ

Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярт 2017 оны наймдугаар сарын 4-нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэрбээр нэр бүхий компанид олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгох зөвшөөрөл гаргаж өгөхийн тулд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж удаа дараагийн үйлдлээр их хэмжээний хахууль авсан байж болзошгүй аж. Энэ дагуу прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийн их хэмжээний бэлэн мөнгө илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авчээ. Авлигатай тэмцэх газраас Д.Батбаярыг арваннэгдүгээр сарын 16-ний өдөр яллагдагчаар цагдан хорьсон ч арванхоёрдугаар сарын 14- ний өдөр шүүхээс үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэн батлан даалтад гаргасан байна. Зам тээврийн яам болон Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтнууд олон улсын ачаа тээврийн С тусгай зөвшөөрлийг танил тал харах, хахууль авах байдлаар олон тоогоор олгосон аж. Тэдний энэхүү хууль бус үйлдлээс болж Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэлтийн зохиомол ачаалал дараалал үүссэн гэдгийг АТГ-ынхан онцолж байлаа.

АТГ 3.4 ТЭРБУМЫН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖЭЭ

Сүүлийн өдрүүдэд Авлигатай тэмцэх газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилнө. Хүн хүч нэмэгдүүлэх үүднээс мөрдөн байцаагчдын тоо болон цалинг нэмнэ гэх мэдээлэл яваа. АТГ-ынхны өгсөн мэдээллээр, бүтцийн өөрчлөлт хийхгүй. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг 2014 онд АТГ-т шилжүүлсэнтэй холбоотойгоор 27 орон тоог нэмсэн. Гэвч өнөөдрийг хүртэл албан ёсоор батлуулж амжаагүй өдийг хүртсэн. Тиймээс эдгээр орон тоог нэмүүлж, баталгаажуулах тухай асуудлыг буруугаар ойлгосон байна гэлээ. Авлигатай тэмцэх газрынхан 2017 онд авлига, албан тушаалын хэргийн улмаас 69,5 тэрбум төгрөгийн хохирол учирсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад 3.4 тэрбумыг нь нөхөн төлүүлжээ. Мөн үл хөдлөх хөрөнгө, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж гээд 11 төрлийн 29.3 тэрбум төгрөгөөр үнэлэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалжээ. Өмнөх онтой харьцуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирол 84 хувиар өссөн үзүүлэлттэй ч нөхөн төлүүлсэн үзүүлэлт 21 хувиар өсчээ. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдогчдыг албан тушаалаар нь авч үзвэл, төрийн тусгай 168 албан тушаалтнаас цагдаагийн бүх шатны албан тушаалын 140 хүн холбогдсон 120 хэргийг хууль тогтоомжийн дагуу мөрдөн шалгажээ.

У.ОРХОН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)