Баярын өдрүүдэд болгоомжтой байхыг анхаарууллаа
- 2017-12-28
- Нийгэм
- 0

Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна. Тиймээс баярын өдрүүдэд иргэдийг сонор сэрэмжтэй байж, хүчтэй салхи шуургатай үед хол замд гарахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. . Энэ сарын 26-27-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларч, говийн аймгийн нутгаар нэмэх хэм хүртэл дулаарсан байна. Гэвч өнөөдрөөс ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна гэж ЦУОШГ-аас мэдээллээ. Тус газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Энэ сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Ингэснээр цасны зузаан нэмэгдэж, зам даваа цас шуурганд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, халтиргаа гулгаа үүсэх зэрэг зам тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулах цаг агаарын нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг онцгойлон сэрэмжлүүлж байна. Энэ сарын 31-нд баруун аймгуудын нутгаар, ирэх оны нэгдүгээр сарын 1-2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас ахиухан орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа юм. Ерөнхийдөө энэ сарын 29- нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Ялангуяа шинэ оны эхний долоо хоногт Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндий, Дархадын хотгороор шөнөдөө -41-46 хэм хүрч хүйтэрнэ. Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын саваар -37-42 хэм, бусад нутгаар -25-30 хэм хүрч чангарах төлөвтэй байна. Иймд малчин, тээвэрчин, зорчигчид цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр бүр хүлээн авч байхыг зөвлөж байна” гэв.
Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл (0)