Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 25.5 хувиар буурчээ

 Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Энэ удаагийн шуурхайгийн эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Мөн шинэ жилийн баярын өдрүүдэд холбогдох албан тушаалтнууд хариуцлагатай жижүүрээр ажилласан бөгөөд энэ хугацаанд үүсэн нөхцөл байдалтай холбогдуулж ямар арга хэмжээ авч ажилласан талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулав. Нийслэл хот орчмоор өнгөрсөн оны сүүлийн өдрүүдэд цас будран орж, Хот тохижилтын газар болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниуд холбогдох мэргэжилтэн, автомашин техник, хүн хүчээ бэлэн байдалд ажиллуулжээ. Хот тохижилтын газраас өнгөрсөн сарын 29-ний 06.00 цагийн байдлаар автозамын халтиргаа гулгаанд бодис давс цацах есөн Камаз, зам талбай шүүрдэх 17 машин өглөөний 05.30 цагаас эхлэн ажилласан байна. Үүний дараа нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн сарын 27-ноос нийслэлийн цагдаагийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжин ажиллаж 6786 дуудлага мэдээлэл, 362 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэсэн бөгөөд онц ноцтой гэмт хэрэг, гудамж талбай олон нийтийн газар осгож нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг танилцууллаа. Харин Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 4369 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 120, зөрчлийн шинжтэй 4249 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1414 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж замд хийсэн шалгалтаар 2016 оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 910 бүртгэж байсан бол энэ оны мөн үед 678 бүртгэсэн нь 25.5 хувиар буурчээ. Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор цаг агаар өдөртөө 18-20, шөнөдөө 28-30 хэмийн хүйтэн, зарим өдөр бага зэргийн цас орох урьдчилсан төлөвтэй байгааг хэллээ. Зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “2018 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээний бэлтгэл ажлыг хангах, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ оны нэгдүгээр сард багтаан эрх шилжүүлж дуусгах, хоёр, гуравдугаар сард хөрөнгө оруулалтын ажлыг эрэмбэлж тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг үе шат бүрт хугацаа алдахгүй зохион байгуулж ажиллах нь зүйтэй” гэлээ. Мөн “Нийслэлийн дүүрэг, хэрэгжүүлэгч агентлаг, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газар, нийслэлийн төсөвт байгууллагуудын өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлыг зохион байгуулах бэлтгэлийг хангах, “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүйгээр ТҮЦ, ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа үйл ажиллагааг таслан зогсоож, нүүлгэн шилжүүлэх”-ийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

М.ЭНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)