Б.Чимэгцэцэг: Шийдэл байна, одоо хэрэгжүүлэх л хэрэгтэй

Утааны эсрэг тэмцэлд гар өргөн бууж өгөөд байгаа нийслэлчүүд олон жил ярьсан утаагүй зуух, гэрийн давхар бүрээсэнд зориулсан хэдэн тэрбум төгрөг үр дүнгээ өгөөгүйг мөн л хүлээн зөвшөөрсөн. Утаа “үйлдвэрлэгчид”- ийн голлох буруутнаар тодроод буй гэр хорооллыг барилгажуулах, дэд бүтэцжүүлэх асуудал ч мөн зогсолтын байдалд ороод буй. Нэгэнт зуух, яндан тэргүүтнээр асуудлыг шийдэж чадахгүй нь тодорхой болсон учраас гэр хороолол, амины орон сууцтай иргэдэд цахилгаан халаалт санал болгож буй “Ультрасоник” компанийн захирал Б.Чимэгцэцэгийн ярилцлагыг хүргэж байна.

Ногоон технологийг Монголд нэвтрүүлж буй “Ультрасоник” компани ХБНГУ-аас хэрэгцээний халуун усны, бохирын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг 16 жилийн турш импортлон оруулж ирж байгаа. Агаар, хөрсний бохирдлыг бууруулахын тулд иргэдэд хүртээмжтэй технологийг санал болгож буй тус компанийн хувьд 80 хүртэл ам.метр талбайтай амины орон сууц буюу гэр хорооллын жижиг байшинд халаалтын цогц шийдлийг боломжийн үнээр санал болгож байгаа юм. Энэ удаад бодлогын чанартай гарц, арга замын талаарх түүний яриаг хүргэе.

-Монголын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг агаар, ус, хөрсний бохирдолд нэрвэгдсэн Улаанбаатарын хувьд асуудлыг шийдэх дорвитой гарц, шийдлийг сонгох шаардлагатай болсныг хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг. Таны хувьд өнөөдөр юунд хамгийн их анхаарах шаардлагатай талаар ярилцъя. Тухайлбал, төр, засгийн зүгээс юу хийх ёстой вэ?

-Бид агаар, хөрсний бохирдлын тухай 20 жилийн турш ярилаа, судалгаа нотолгоо, дүгнэлт хийлээ. Одоо ярихгүйгээр хэрэгжүүлэх цаг ирчихээд байна. Дэлхий нийтээр ногоон технологийг сонгож Монгол Улс ч үүнд нэгдсэн. Гэсэн хэдий ч ард иргэдэд ногоон технологийн талаарх ойлголт муу байна. Төр, засаг зарим нэг зохицуулалт хийхгүй бол иргэд энэ технологийг хүртэж Улаанбаатар ногоон хот болох биеллээ олоход хол байна. Энэ чиглэлийн бизнес эрхлэгчийн хувьд төрөөс гурван зүйл хүсч байна. Энэ бол зөвхөн бидний ч биш нийт иргэдийн хүсэлт юм. Нэгдүгээрт, агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах хамгийн сүүлийн үеийн технологиудаа дэмжих. Энэ технологийг худалдан авч буй худалдан авагчдаа урамшуулах. Өөрөөр хэлбэл, урамшууллын бодлогоор агаарын бохирдолтой тэмцэх арга зам бий юм. Хоёрдугаарт, өнөөдөр хэрэглээний зээлгүй айл өрх бараг алга. Бүгд л гар утас, автомашин, хашаа байшин, сургалтын төлбөрийн зээлтэй. Энэ дэвшилтэт технологиудыг хүртэхэд иргэд дахин зээл авах шаардлагатай болно. Гэтэл давхар зээл, зээлийн хүү гээд олон асуудалд гацчихаад хэрэгтэй технологио банкны зээлээр авч чадахгүй байна. Тиймээс агаар, хөрсний бохирдлыг бууруулах сантай больё гэж бид уриалж байна. Сандаа ямар нэг эх үүсвэрээс мөнгөө байршуулж, ард иргэддээ хүүгүй зээл олгоход давхар дарамт үүсэхгүй. Үүнийг л иргэд хүсч байна. Гуравдугаарт, төрөөс тендер нэртэй хувь хүн хүсээгүй, чанаргүй, үнэгүй шийдлүүдийг тараадаг системийг зогсоогооч гэж хүсч байна. Энэ бол гажуудал. Энэ мэт цөөн тооны зохицуулалтыг төр, засаг хийгээд өгчихвөл Монгол Улсын иргэн бүр үүргээ хүлээж, агаарын бохирдлын эсрэг зогсоход бэлэн.

-Бид нэгэнт бодлогын шийдлийг хөндөж байгаагийн хувьд дараагийн ахицтай асуудал юу гэж харж байна вэ?

-Өнөө үед баруун Европын орнууд сэргээгдэх эрчим хүч рүү орж байна. Гэтэл манайд уурын болон цахилгаан зуухын л ярьж байна. Улаанбаатарт өнөөдөр 3000 гаруй уурын зуух ажилладаг. Энэ уурын зуухны эх толгойг юугаар солих вэ гэдгийг ярих ёстой. Мэдээж бид хөгжлийг товчлохын тулд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих цаг нь болсон. Ийнхүү шилжихэд сэтгэлгээний асуудал гарч ирж байгаа юм. Өнөөдөр бид дэлхийн хөгжлийн чиг хандлагыг дагаад сэргээгдэх эрчим хүч рүү шууд шилжвэл эдийн засгийн үр өгөөж дээшилж, алдагдал багасна. Бид энэ цагт ард иргэд нийтээрээ, төр засаг, хувийн хэвшлийнхний гурвалсан оролцоо, хамтач байдлын үр дүнд энэ бохирдлоос маш хурдан хугацаанд ангижрах боломжтой. Манай компани цаг үеэсээ хоцрохгүй хамгийн сүүлд үйлдвэрлэсэн ашигт үйлийн ковцент өндөр, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй технологиуд оруулж ирсэн.

Тухайлбал, хэрэгцээний халуун ус, халаалтыг байгалийн дулаанаар шийдэх шийдэл биеллээ олчихсон. Энэ мэт сайн шийдлүүд нэвтрүүлээд 4-5 жил болж байна. Дахин онцолж хэлэхэд, бид хамгийн сүүлийн үед гарсан дэвшилтэд ногоон гэх тодотголтой технологийн шийдлийг шууд хүртэж, хөгжлийг товлох боломжтой болсон. Тиймээс төр, засаг сүүлийн үед оруулж ирж байгаа ялангуяа сэргээгдэх эрчим хүчний технологиудыг дэмжих бодлогыг шуурхай нэвтрүүлж ажиллах хэрэгтэй байгаа юм. Энэ онд Монгол Улс анх удаа Эрчим хүчийг хэмнэх 2018-2020 он хүртэл хэрэгжих үндэсний хөтөлбөртэй боллоо. Хэдийгээр хожуу ч гэлээ хөтөлбөртэй болж байгаа нь бахархууштай. Одоо нэн даруй хэрэгжүүлэх л үлдлээ.

-Шинээр барьж байгаа барилга байгууламжид танай технологийг шууд нэвтрүүлэх боломжтой юу. Стандарт дүрэм журамд харшлах зүйл байна уу?

-Норм дүрмийн хувьд Монгол Улс хуучнаараа явж байна. 1960-аад оноос мөрдсөн энэ стандартыг одоо яаралтай өөрчлөх хэрэгтэй. Миний бодлоор заавал үндэсний стандарт гэж туйлшрахгүй хөгжилтэй орнууд тэр дундаа баруун Европын сүүлд гарч байгаа технологиудыг шууд мөрдөхөд буруудахгүй.

У.ОРХОН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (150.129.141.34)

    2018-01-05

    Бас нэг санаа хоёрдуулсан бүтэхгүй ажил гаргаад ирлээ.үүнийг чинь бүх нийтээрээ хэрэглэж чадахгүй .Ингэж байхаар Хөдөөнөөс ирсэн айлуудыг янз бүрийн аргаар нутагруу нь буцаагаач.Тийм арга уралдуулаач!!

  • (41.85.161.171)

    2018-01-05

    Таны анхааралд аваарай Сайн байна уу, Бид Христэд итгэгч зээлийн саналыг төлөөлдөг. Дэлхийн ядуурал, банкны гадуурхалтай тэмцэхийн тулд бид дараахь үйлчилгээг санал болгож байна: - Арилжааны зээл - Хувийн зээл - Санхүүжилтийн зээл - Үл хөдлөх хөрөнгийн зээл Зээлийн хүүний түвшин нь бүхэлдээ 3%, зээлийн санал нь маш энгийн байдаг. Хүсэлт гаргаснаас хойш 72 цагийн дотор хүсэлтийг гаргуулан авах боломжтой. Өнөөдөр бидэнтэй холбоо бариарай. Холбоо барих: WhatsApp: +330644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com