Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
- 2018-01-06
- Нийгэм
- 0

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулан УИХ-аас зохиодог Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шат өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
УИХ-ын дарга М.Энхболд тус тэмцээнийг нээж хийж үг хэлж дараа нь эхний нүүдлийг шатрын Их мастер Ц.Батчулуунтай хийж, тэмцээнийг албан ёсоор эхлүүллээ. Хагас шигшээ тэмцээнээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй 140 гаруй тамирчин өнөөдөр улсын аваргын шигшээ шатны тэмцээнд өрсөлдөж байна.
Тэмцээнд тэргүүлсэн эрэгтэй нэг, эмэгтэй нэг шатарчинд спортын дэд мастер цол олгоно. Энэ жилийн тэмцээний онцлог нь дээрх цолыг олгохоос гадна шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгоно. Тэмцээнд оролцох зардлыг зохион байгуулагч тал хариуцах юм.
Тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, сонирхогч тамирчид өрсөлддөг. Шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, дүнгээ гаргана хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл (0)