Монгол урбан Mоскваг байлдан дагуулав
- 2018-01-07
- Энтертайнмент
- 0

Оросын “Outlaw Moscow” брэнд 2018 оны хаврын цуглуулгаа танилцуулсан байна. Урбан хэв маягийг тунхагладаг тус брэнд энэ удаагийн цуглуулгадаа дорнын салхи нэвтрүүлжээ. “Outlaw Moscow” брэндийн дизайнер Максим Башков “Монгол, Төвдийн нутгаар аялсан Рерихийн тэмдэглэл дэх зургууд надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Тиймээс шинэ цуглуулгаа Рерихийн зургаас санаа авч гаргасан” хэмээн “Vogue” сэтгүүлд ярьжээ. Түүний цуглуулгад үүлэн хээгээр чимэглэсэн даашинз, хослол, гар цүнх болон товгор фактуртай хийсэн бүстэй, урт цамц зэрэг хувцас орсон байлаа. Цуглуулгын сэдвийг брэндийн зүгээс болон загварынхан “Монголын буддизмаас урам авсан” гэж тодорхойлжээ. Дизайнерууд загварын шоу, үдэшлэг, ээлжит цуглуулгадаа Ази соёлоос урам авч, Өрнө Дорныг холбосон хэв шинж шингээх нь ердийн үзэгдэл болсон билээ. Шилдэг загвар зохион бүтээгчид шинэ цуглуулгаа гаргахдаа цоо шинэ, үзэгдэж харагдаагүй сэдэв, хээ угалз, илэрхийлэл хайдаг нь нууц биш. Дэлхий нийтийн анхаарлыг татах Дорнын соёлын давалгаанд Москвагийн дизайнерууд нэгдэж, монгол хээ угалзыг цуглуулгадаа ашиглаж эхэлсэн билээ. Энэ давалгааг дизайнер Алена Ахмадуллина Гэсэрийн туулиас санаа авсан 2016 оны гайхамшигт цуглуулгаараа эхлүүлсэн юм. Оросын “Outlaw Moscow” брэнд монгол хээ угалзыг урбан хэв маягт шингээснээрээ бусдаас ялгардаг. Харин энэ тренд загварын ертөнцөд дэлгэрэх, цаашид хөгжих, эсвэл хэсэг хугацааны дараа мартагдах уу гэдгийг одоогоор таамаглахад хэцүү юм. Эдгээр дизайнерын загварт орсон үүлэн хээ нь хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэж, хүн бүр аз жаргалтай аж төрөх зол жаргалын бэлгэдэлтэй. Энэ хээ нь хэлбэр дүрсийн хувьд аадрын үүл, нүүж буй үүл, сэмжин үүл зэрэг дүрслэл ялгаатай нь байдаг. Хязгааргүй эрх чөлөө, эд баялгийг бэлгэддэг бөгөөд алдарт Валентино ч цуглуулгадаа үүлэн хээ ашиглажээ. Гэхдээ барууны дизайнеруудад бүтээлч урам хайрлаж байгаа үндэсний соёлоо монгол уран бүтээлчид сонирхолтойгоор ашиглаж чадвал дэлхийн тавцанд гарах боломжтойг энэ жишээнээс харж болно.

Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (0)