“One Ring” scam гэдэг луйврын шинжтэй бас нэгэн шинэ үйлдэл нэмэгджээ
- 2018-01-08
- Нийгэм
- 1

Гар утас. Энэ үг бидний үгийн санд аль хэдийнэ багтаж, хүн бүрийн салшгүй хэрэглээ болоод багагүй хугацаа өнгөрчээ. Үүрэн холбоо дөнгөж нэвтэрч байх үед хол байгаа нэгэнтэйгээ ярих гэж холбооны газрын үүд сахиж дугаарладаг байсан цаг саяхан. Харин гар утас хүний хэрэглээнд нэвтэрснээр олон ажлыг хөнгөвчлөхийн сацуу тэднийг алс хол орших дэлхийн улс орнуудтай ч холбож байна. Товчхондоо, холыг ойртуулж, хоёрыг холбодог шидтэн гэж болно. Гэтэл сайныг дагаж саар гэдэг шиг гар утсыг олон эрсдэл дагах болсон нь харамсалтай. Хүмүүс ихэвчлэн гар утсыг олон нийттэй мэдээлэл солилцох, хэн нэгэнтэй харилцаа холбоо тогтоох зэргээр ашигладаг бол зарим нэг нь луйвардаж мөнгө, ашиг олох байдлаар хэрэглэдэг болжээ. Сүүлийн үед фэйсбүүкийг нь хакердаж мөнгө залилах тохиолдол цөөнгүй гарч байгаа бол “One Ring” scam гэдэг луйврын шинжтэй бас нэгэн шинэ үйлдэл нэмэгджээ. Сэрэмжлүүлэх үүднээс үүний талаар зарим хүн сошиал ертөнцөд ийн бичжээ. “...Эхнэрийн утсанд дуудлага ирээд тасарлаа. Үзвэл гадаадаас залгасан байх юм. Хаанаас юм бол гээд гайхаад улсын кодоор нь хайж үзтэл Эквадорын Гвиней гэж гарч ирэв. Төд удалгүй дахиад өөр нэг улсын кодтой дугаараас дохиж байна. Энэ талаар Google-ээс хайхад “One Ring” scam гэдэг зүйл байдаг болохыг мэдлээ. Хэрэв та эргүүлэн залгавал таны утсанд маш их төлбөр гардаг юм байна. Иймэрхүү зүйлээс болгоомжтой байгаарай. Хулгайчдын арга нарийсчээ” гэсэн байв. Үүнтэй адилхан явдал олон хүнд тохиолдсон талаар энэхүү бичвэрийн дор сэтгэгдлээ хуваалцжээ. Найман настай балчраас наян настай буурай хүртэл мэдээлэл харилцаа холбоог өргөн хэрэглэж хөгжил дэвшилд хөл нийлүүлэн алхаж байгаа учир энэ мэт янз бүрийн эрсдэлээс өөрийгөө хамгаалахыг сануулж, сэрэмжлүүлэх үүднээс үүнийг бичлээ.
С.ЮМСҮРЭН

Сэтгэгдэл (1)
irgen (62.167.114.16)
iim um baidag um baina lee, byr yanz byriin utas orj irne,,,ter baitugai gadnii utas ni garahgui ooriin ornii chin zagdaa, bank, geh met gazriin dugaar hyrtel gardag bolson evropod ch gesen,,,eroosoo hezeech buzaaj zalgaj bolohgui gedeg um baina lee shyy !!!! herev ooriin ornii utas garahaar hymyys avaad hohirch baigaa, tiimees shaardlagatai bol yneheer bol ooriin ornii hymyys yaj iigeed holbogdono,,,