Шатахуун түгээх газрууд АИ-92 бензинээ хав дарж байна

Сүүлийн үед иргэдийг бухимдуулж буй гол асуудал нь шатахуун болоод байна. Өнгөрсөн онд шатахууны онцгой албан татварыг 100 хувь хөнгөлж байсныг больж, он гарснаас хойш тонн тутамд 240 мянган төгрөгийн татвар авах шийдвэр гаргасан. Татварын нэмэгдлээс гадна ОХУ шатахууны экспортоо хумьсан гэх мэдээлэл бий. Энэ мэт шалтгаанаас үүдэж шатахууны үнэ 20150 төгрөгөөр нэмэгдэхээс гадна хомсдол үүсээд байна. Шатахууны онцгой албан татвар нэмэгдэх сургаар зарим шатахуун түгээх газар бензинээ зарахгүй гэдийж эхлэв. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Сансарт байрлах “Петровис” компанийн шатахуун түгээх газарт уржигдар очиход машины урт дараалал үүсчээ. Түгээгч нь “Шатахууны нөөц дууссан. Тиймээс АИ-92 бензинийг зарахгүй байгаа” гэв. Түүнээс шатахууны үнэ өсөх хандлагатай байгаа эсэхийг тодруулахад “Бид мэдэхгүй. Биднээс шалтгаалах асуудал биш. Дээрээс ямар нэгэн үүрэг чиглэл одоохондоо ирээгүй байна” гэсэн юм. 100 айл”-ын ойролцоох "Шунхлай" шатахуун түгээх газарт очиход мөн л “АИ-92 бензин дууссан” гэв. “100 айл” орчмын бусад шатахуун түгээх газрууд ч дээрх төрлийн бензинийг түгээхээ больжээ. Түгээгч нь “Удирдлагууд АИ-92 бензин зарж болохгүй гэсэн үүрэг өгсөн. Нөөцтэй эсэхийг мэдэхгүй байна” гэсэн юм. III, IV хороололд байрлах “МТ” шатахуун түгээх газрын зарим салбар уржигдар “засвартай” гээд ажиллахгүй байсан бол “Сод монгол”-ын шатахуун түгээх газрууд үйлчлэгчийн карттай хүнд л үйлчилж байв. Харин “Тэс” компанийн зарим салбар, Баянбүрдийн аюулгүйн тойрог дахь “М ойл”-ын түгээх газар АИ 92 авто бензинийг бага хэмжээгээр борлуулж байлаа. Жолооч З.Баатар “Магнай трейд”, “Сод-Монгол”, “Шунхлай”, “М-ойл” гээд 10 гаруй шатахуун түгээх газар дээр бензин авах гэж зогслоо. Бүгд АИ 92, дизель түлш зарахгүй байна. Бензин хомсдоод, үнийг нь нэмэх юм бол нийгэмд дахиад л үнийн хөөрөгдөл үүснэ. Бидний амьдрал их л хүнд болж байна даа” гэсэн бол Б.Түдэв “Өнөөдөр салхинд гарах гэтэл АИ 92 олдсонгүй. “Хүннү молл” өнгөрч “Шунхлай”-гаас дугаарлаж байж АИ 95 2030 төгрөгөөр авлаа. АИ 92 байгаа мөртлөө өгөхгүй байна. “Сод Монгол”-ын шатахуун түгээх газрууд үйлчлэгчийн карттай хүндээ АИ 92 хязгаарлалттай хэмжээгээр өгч байна. Зохиомол хомсдол үүсгэж шатхууны үнэ нэмэх гэж байгаа бололтой” гэв. Баянзүрх дүүргийн иргэн Л.Бат “Шатахуун түгээх газрууд арай дэндэж байна. Монголбанкнаас өчнөөн тэрбумын хөнгөлөлттэй зээлийг шатахууны үнийг тогтворжуулна гэж авсан биз дээ. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурахад тэд үнээ буулгаагүй. Харин үнэ жоохон өсөх хандлага гарахад үргэлж л иймэрхүү байдлаар шантааж хийж байх юм. Тэдэнд төрөөс шийтгэл ногдуулах хэрэгтэй” гэсэн юм. Оны өмнө зарим шатахуун түгээх станц авто бензин болон дизель түлшний борлуулалтдаа хязгаарлалт хийсэн. Тухайлбал, “Магнай трэйд”, “Сод-Монгол”, “Тэс петролиум” ХХК- ийнхан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зарим салбарын АИ-92 авто бензин, ялангуяа дизель түлшний жижиглэнгийн борлуулалтдаа хязгаарлалт хийж, дизель түлшийг зөвхөн гэрээт байгууллагадаа борлуулах, 50 мянган төгрөгөөс дээш дизелийн түлшээр цэнэглэхгүй байх хязгаарлалт тогтоосон. Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас тус компаниудын удирдлагуудтай уулзаж шатахууны хязгаарлалт хийхийг зогсоох үүрэг өгсөн. Гэсэн ч шатахуун импортлогчид ард иргэдэд шатахуунаа барьцаалж сүрээ үзүүлж эхлэв. ШӨХТГ-аас шатахууны хомсдол үүсгэж байгаа компаниудад шалгалт явуулж байгаа ажээ. Хэрэв хууль бусаар хомсдол бий болгосон нь тогтоогдвол Өрсөлдөөний тухай хуулийн дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын 4-6 хувийг торгууль болгон авах юм байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн нөөцтэй байв. Үүнийг нарийвчилбал, АИ-80 автобензин 68, АИ-92 бензин 46, дизелийн түлшний 28 хоногийн нөөцтэй байсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сард ОХУ-ын зүгээс шатахуун импортдоо бага зэргийн хязгаарлалт тавьсан. Гэсэн хэдий ч нөөцийн хувьд харьцангуй тогтмол үзүүлэлттэй байгааг албаны хүмүүс тодотгож байсан билээ. Гэвч дээрх ШТС-ууд юуны учир ийн хязгаарлалт хийгээд байгаа нь тодорхойгүй байна. Дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ өнөөдрийнхөөс 30 орчим хувиар хямд байх үед тэд үнээ огт буулгаагүй. Ашгаа маш сайн олж авсан. Гэтэл Засгийн газраас 260 тэрбум төгрөгийг татвар төлөгчдөөс авч өг, тэгвэл үнээ 50 төгрөгөөр л нэмнэ гэж ацаглаж байгаа импортлогчид стратегийн салбарыг барьцаалж байна. Шатахуун импортлогчдоос улсаараа жилдээ тэрбум долларын буюу хоёр их наяд 500 орчим тэрбум төгрөгийн худалдан авалтыг хийдэг. Маш том зах зээл. Энэ зах зээлээ алдахгүй гэсэндээ импортлогчид олон жил нефтийн үйлдвэрийг бариулахгүй байх бүх алхмыг хийж ирсэн. Өнөөдрийн үнээ огцом нэмэх гэж оролдож, зохиомол хомсдол үүсгэж байгаа нь анхных биш. Яг долоон жилийн өмнө буюу 2011 оны нэгдүгээр сард импортлогчид үгсэн тохиролцож шатахууны үнийг нэг өдөр, нэг цагт 230 төгрөгөөр нэмсэн түүхийг бид мартаагүй. Тэр үед ШӨХТГ үнээ нэмсэн импортлогч найман компанийг 17 тэрбум 249 сая төгрөгөөр торгож байсан юм.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • Араб (27.123.212.136)

    2018-01-16

    Тусгай зөвшөөрөлүүдийг нь бүгдийг нь хүчингүй болгоод олон улсад Монголын дотоодод бензин хямд үнээр зарах, түгээх тендер зарлачих. А-92 гэхэд л 1000 төгрөгнөөс доош үнэтэй болно.

  • (27.123.212.136)

    2018-01-16

    Дэлбэлбэлж хашраахуу даа

  • (202.21.106.139)

    2018-01-16

    МАН-ын "ҮНЭН" нь л энэ болоод байна даа. Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлаад наад давраад байгаа гарууддаа жаахан арга хэмжээ авч, засаг хууль буйг мэдрүүлээд өгч чадах уу?. Бүгд амандаа ногоон цаас чихүүлээд (ард түмнийхээ юмыг үнэгүй шахуу өгчихөөд) хахаж үхэх гээд дуугарч чадахгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. НОВШНУУД

  • (202.21.106.139)

    2018-01-16

    ШӨХТГ торгосон нэртэй болж баахан шоудаад эд нар нь шүүх дээр ялаад дууссан биздээ. Даварсан юм аа нээрэн. МАН-ын хохь л гэж хэлэхээс тэжээсэн бяруунууд чинь тэрэг эвдэнэ гэгч болж байна. Эсвэл цаанаа хцуйвалдчихсан байгаа аягүй бол..., "Тэр үед ШӨХТГ үнээ нэмсэн импортлогч найман компанийг 17 тэрбум 249 сая төгрөгөөр торгож байсан юм."

  • Зочин (66.181.187.135)

    2018-01-15

    92 хэрэглэдэг бүх машинууд нэгэн зэрэг уриалга гарган зогсоод бүгд нийтийн тээврээр үйлчлүүчихвэл наад рекетчингүүд чинь хэндээ зарах юм бэ

  • монгол (202.21.105.22)

    2018-01-15

    нохой болгон хуцдаг болжээ.төр төмөр нүүрээ харуулах цаг болж. энэ хуцаж буй шатахуун импортлогч компаний эзэдэд импортлох зөвшөөрлийн цуцлах шаардлагатай. ер нь улсын стратегийн бараа болох шатахууны импорт экспортыг төр өөрийн гартаа авах шаардлагатай.