БНСУ-ын иргэн ботокс тарилгыг хилээр хууль бусаар нэвтрүүлжээ
- 2018-01-20
- Нийгэм
- 0

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ он гарсаар 16 нэрийн, 136.5 сая төгрөгийн эм хураан авчээ. Энэ хугацаанд гүний гааль дээр эм импортлох тусгай зөвшөөрөлгүй, лицензгүй компаниуд Монгол Улсын эмийн бүртгэлд байхгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй эм импортолсон зөрчил олноор илэрчээ. НМХГ-ын Экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Б.Оргил “Иргэд хууль эрх зүйн мэдлэггүйгээс гар тээш, ачаандаа эм бэлдмэл оруулж ирэх зөрчил их байна. Хуулиараа зөвхөн зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж л эм импортлох эрхтэй. Тиймээс гар тээш, ачаандаа эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл авч явахгүй байхыг зөвлөж байна” гэв. НМХГ-т гоо сайхны тарилга, ботокстой / нейтротоксин/ холбоотой гомдол сүүлийн үед цөөнгүй иржээ. Гомдлын дагуу хяналт хийхэд БНСУ-ын иргэн “Curer” компанийн захирал Жон Мин Жеон бүртгэлийн загвараас зөрүүтэй ботокс хууль бусаар хилээр оруулж Баянгол дүүргийн II хороо, Сөүлийн гудамж, Бүрд барилгын гурван давхарт худалдаалж байсан ноцтой зөрчлийг илрүүлжээ. Түүнээс арьс гоо заслын “Нандин гоо” эмнэлэг 70 ширхгийг худалдан авсан нь тогтоогдон шалгагдаж байгаа аж.
Мөн БНСУ-ын иргэн Чоо Ган Мүн гоо сайхны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр гоо заслын эмнэлэг нээж эмийн бүртгэлд байхгүй “Miracle”, “Kabellien” зэрэг эмийг эмчилгээнд хэрэглэснийг тогтоон шалгаж байгаа гэнэ. НМХГ-ын ЭМБСХХ-ийн дарга Д.ЦэндАюуш “НМХГ-аас Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсээс хийсэн хяналт шалгалтын үед тогтоогдсон зөрчлүүд удаа дараа илэрч буй учраас олон нийтэд сэрэмжлүүлэг өгөх хэрэгтэй байна. Гоо сайхны тарилга, ажилбаруудыг зөвхөн арьс гоо заслын зөвшөөрөлтэй эмнэлгүүдэд хийх ёстойг анхаарна уу. Дээрх бүтээгдэхүүнийг эмнэлгийн бус нөхцөлд хэрэглэснээр халдвар хамгааллын аюулгүй байдал зөрчигдсөнөөс халдвар авах магадлалтай. Хэрэв тун хэтэрвэл гоо сайханд өөрчлөлт орж, булчингийн сулрал, хөмсөг дарагдах, нүүрний мимик алдагдах зэрэг сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй” гэв. НМХГ-ын ЭИХХЦХХ-ийн дарга Б.Оргил “Он гарснаас хойш эм, био бэлдмэлийн чиглэлээр хоёр иргэн, хоёр аж ахуй нэгжид хамаарах 16 нэр төрлийн 136 сая төгрөгийн зөрлийг илрүүлж, холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэн ажиллаж байна.
Гарсан зөрчлөөс дурдвал, Иргэн Б.Светлана өнгөрсөн сард “Интердисежин” дахь гүний гаалийн хяналтын бүсээр БНСУ-аас есөн нэрийн 12.972.300 төгрөгийн эмийг тусгай зөвшөөрөл, импортлох лицензгүйгээр хилээр оруулж импортолсон зөрчлийг илрүүлсэн. Мөн Иргэн Б.Умбаа нэгдүгээр сарын 2-нд “Монгол шуудан” дахь гүний гаалийн хяналтын бүсээр БНЭУ-аас Монгол Улсад бүртгэлгүй дөрвөн нэр төрлийн 376.000 төгрөгийн эм импортолсон. Дээрх зөрчлүүд нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн зургаадугаар зүйлийн 9.2 дахь заалтыг зөрчсөн тул холбогдох байгууллагууд нь хуулийн арга хэмжээ авна” гэв.
Б.МӨНХ

Сэтгэгдэл (0)