Хонины ууцыг 120-250 мянган төгрөгөөр худалдаалж байна

Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр удахгүй болно. Сар шинийн өмнө ууц, үхрийн өвчүү ер нь махны үнэ ханш ямаршуу байгааг сонирхохоор нийслэлдээ хамгийн үнэ хямдтайд тооцдог “Хүчит шонхор” худалдааны төвийг зорилоо. Цагаан сар дөхсөн болоод ч тэр үү тус зах руу ойртох тусам түгжрэл, хөл хөдөлгөөн ихэсч байв. Хашааных нь урдах зогсоол автомашинаар дүүрсэн байлаа. Зогсоолын орж гарах хаалган дээр зохицуулагч ажиллаж байгаа харагдав. Мөнөөх зогсоолд машинаа тавиад гарахад 1000 төгрөг төлдөг аж. Гэвч зогсоол дүүрчихсэн учраас иргэд замын хажууд, гэр хорооллын гудамжид машинаа байрлуулж харагдлаа. “Хүчит шонхор” захад орон нутгаас зорин ирсэн малчид “Портер”-ын тэвшин дээр ууц, өвчүү худалдаалж байсан юм. Харин захын баруун хэсгийн агуулахад эндхийн худалдаачид махаа борлуулж байлаа. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас малчид өөрсдөө ууц, махаа тээвэрлэн авчирч борлуулах болжээ. Энэ жилийн хувьд Дорнод, Өвөрхангай, Дундговь аймгийн малчид орон нутгаасаа мах ихээр авчирч борлуулж байгаа гэнэ. Тус захад ууцны үнэ 120-250 мянган төгрөгийн ханштай байв. Харин үхрийн өвчүү кг нь 5500- 6300 мянган төгрөгийн үнэтэй. Үхрийн өвчүү дунджаар 20 гаруй кг татдаг. Тиймээс хэмжээнээсээ шалтгаалан үхрийн өвчүү 90- 140 мянган төгрөгийн үнэтэй байх аж. Энэ захын худалдаачид иргэдийн худалдан авах чадвар муу байгаагаас өмнөх жилүүдтэй харьцуулахад борлуулалт тааруу байгааг онцлов. Тэд өдөрт 2-3 ууц борлуулж байгаа гэнэ. Энд ирсэн малчид адуу, үхрийн махыг 3800-4200, хонь, ямааныхыг 2800-3400 төгрөгийн ханштайгаар худалдаалж байлаа. Иргэд банш буузаа бэлтгэхээр ихэвчлэн ямааны мах гулуузаар нь авч байгаа хэмээн малчид онцолсон юм. Харин захын жижиглэнгийн тасагт махны үнэ харьцангуй үнэтэй байлаа. Тодруулбал, үхрийн цул мах 6000-6500, адууны мах 5000-5500, хонь, ямааных 4200- 5000 мянган төгрөгийн ханштай байв. Сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэхийн тулд ахмадууд тэтгэврийнхээ зээлийг олон сараар авах нь бий. Өндөр настан Г.Ханд сая төгрөгийн тэтгэврийн зээл авч, буузны мах, ууц, өвчүүгээ бэлтгэхээр “Хүчит шонхор” захыг зорин иржээ. Тэрбээр “Эмээд нь олон хүн ирж золгодог учраас ахиухан бууз, банш базаах санаатай хүүтэйгээ энд ирлээ. Махны үнэ бага зэрэг нэмэгдсэн байна. Ууц ч бас үнэтэй л санагдах юм. Тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө буузны мах, ууц, өвчүү, баярын бэлгээ бэлтгэж дөнгөх болов уу гэж найдаж байна” гэв. Махны тасгаас гарч бөөний гурил, будаа борлуулдаг тасгаар орлоо. Энд цагаан будаа 2300- 2600 төгрөгийн ханштай байлаа. Тухайлбал, орос будаа 2300 төгрөг бол япон 2500, хятад нь 2200 төгрөгийн үнэтэй аж. Харин шуудайгаараа буюу 25 кг нь 50-60 мянган төгрөгийн ханштай. “Алтан тариа” дээд зэргийн гурилын үнэ 1250-1500, I зэргийнх нь 1000- 1300, II зэргийнх 800-900 төгрөгийн үнэтэй байв. Харин цагаан сараар иргэдийн хамгийн их хэрэглэдэг “Цесна” гурил 25 кг нь 42000, “Алтан тариа”-н ширхэгтэй дээд гурил 25 кг нь 35000, 10 кг нь 16000 төгрөгийн үнэтэй байв. Хүнсий ногооны тасгаар ороход мах, гурил будааны тасгийг бодвол хөл хөдөлгөөн сийрэг байлаа. Тус захад кг төмс 600-800, байцаа 1200-1500, манжин 2500, сонгино 1000-1500 төгрөгийн ханштай байв. Тус захын худалдаачин Б.Балжир ногооны үнэ намар шинэ ургацын ногоо гарах үед харьцангуй өндөр байсан ч одоогоор тогтвортой байна” гэсэн юм. Жилийн жилд иргэдийн дунд хамгийн их эрэлттэй байдаг хэвийн боовны үнийн хувьд “Өгөөж” компанийнх 2180, “Суман гүн”-ийн “Өлзий” хэвийн боов 2300-2500 төгрөгийн ханштай байв. Тавгийн суурь еэвэн том, жижгээсээ хамаараад үнэ нь харилцан адилгүй байлаа. Тодруулбал, 2.5 кг-тай еэвэн 16500, 1.5 кг-тай нь 9000 төгрөгийн үнэтэй байсан юм.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (43.242.243.139)

    2018-01-22

    Энэ балай бизнесийг болиосой доо,