УИХ-ын дарга М.Энхболдын БНСВУ-д хийсэн албан ёсны айлчлал өндөрлөв
- 2018-01-25
- Нийгэм
- 0

УИХ-ын дарга М.Энхболд БНСВУ-ын нийслэл Ханой хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы XXVI уулзалтад оролцож, БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар тус улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө. Тэрбээр БНСВУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Ерөнхий сайд, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд нартай уулзав. Түүнчлэн Вьетнам-Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзсан байна. Уулзалтад тус нийгэмлэгийн дарга Хо Суанг Хун, болон албаны бусад хүн оролцсон юм. Найрамдлын нийгэмлэгийн шугамаар Монголын цөөнгүй зочин төлөөлөгчийг Вьетнамд айлчлуулж, бизнесийн хийгээд ажил хэргийн харилцаа тогтооход нь тусалж байгаагаа ноён Хо Суанг Хун танилцуулав. Хамгийн сүүлд Хо Ши Миний нэрэмжит нийслэлийн 14 дүгээр сургуулийг Вьетнамын ерөнхий боловсролын дунд сургуультай шууд харилцаатай болгох ажлыг зохион байгуулсан байна. Түүнчлэн нутгийн хойд хэсэгт монгол гэр авчирч, сарлаг нутагшуулан, аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар төлөвлөж байгаагаа дуулгажээ. Тэрбээр “Хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлэхийг иргэн, аж ахуйн нэгжүүд сонирхож байгаа боловч тээврийн асуудал хамгийн гол бэрхшээл болдог, далайн тээврийн үнэ өндөр байдаг. Тиймээс шууд нислэг хийдэг болбол сайнсан. Найрамдлын нийгэмлэгийн шугамаар бид Монгол орон, монголчуудыг Вьетнамтай танилцуулах, сурталчлах ажлыг нэлээд идэвхтэй хийж байгаа” гэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд “Улс төрийн харилцаа тогтмолжиж, шинэ агуулга, хэлбэрээр тасралтгүй баяжин хөгжиж байна. Харин худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа энэ төвшинд хараахан хүрэхгүй байгаа юм. Тиймээс энэ талаар зориуд анхаарлаа хандуулахыг хүсье. Бид та бүхний тавьсан санал хүсэлтийг холбогдох яам, байгууллагуудад дамжуулж, хэрэгжүүлэх арга хэмжээ авна” гэжээ. Мөн тэрбээр “Бэрхшээлтэй байгаа хил, гааль, хорио цээр, мэргэжлийн хяналтын зэрэг салбарын үйл ажиллагааг уялдуулах, асуудлаа шийдэх бүрэн боломж бий. Агаарын тээврийн шууд нислэг хийх тухайд хууль эрх зүйн талаасаа бүрэн нээлттэй. Төмөр замын тээврийн асуудлаар гурвалсан хэлэлцээр байгуулах саналыг Вьетнамын тал БНХАУ-д тавьсан талаар Монголд суугаа Элчин сайд, хатагтай Дон Тхи Хыөнг надад мэдээлсэн. Тэгэхээр тээврийн бэрхшээлийг арилгах боломж бий гэж бодож байна” гэж тэмдэглэлээ. УИХ-ын дарга М.Энхболд айлчлалынхаа үеэр Хо Ши Миний бунханд цэцэг өргөж, түүний гэр музей болон Уран зохиолын сүм музейг үзэж сонирхлоо. Мөн өдөр УИХ-ын дарга М.Энхболд Вьетнамын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг-д бараалхсан байна.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. http://parliament.mn/n/z38y
М.ЭНХ

Сэтгэгдэл (0)