Адель “Эмэгтэйчүүдийн жагсаал”-д нэгдэв

АНУ-ын томоохон хотуудад зохион байгуулж буй “Эмэгтэйчүүдийн жагсаал” цуглаанд Холливудын одод идэвхтэй оролцож байна. Тайван жагсаалын хүрээнд иргэд эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцлээ илэрхийлжээ. Тухайлбал, “Time’s Up”, “MeToo” хөдөлгөөнийг дэмжигчид бэлгийн дарамтын эсрэг дуу хоолойгоо өргөсөн байна. Лос-Анжелес хотноо жүжигчин Натали Портман, Скарлетт Йоханссон, Мила Кунис, Люпита Нионго болон бусад алдартан олон нийтийн өмнө илтгэл тавьжээ. Тэднийг дэмжихээр жүжигчин Камерон Диас, Женнифер Лоуренс, дуучин Адель зэрэг од “Эмэгтэйчүүдийн жагсаал”-д нэгдсэн юм. Харин эрчүүдээс жүжигчин Эштон Кутчер, Адам Скотт нар хүрэлцэн иржээ. “Грэмми”-ийн шагналт дуучин Адель цахим хуудсаараа дамжуулан сэтгэл хөдлөм зурвас илгээн хүмүүст урам зориг өгсөн юм. Тэрбээр “Миний амьдралдаа учирсан хамгийн нөлөө бүхий хүмүүс үргэлж эмэгтэйчүүд байсан. Гэр бүл, найзууд, багш нар, хамтран ажиллагсад маань миний шүтээн. Би тэднийг биширдэг. Тэд надад хэрэгтэй. Би эмэгтэй хүн болж төрсөндөө баярладаг бөгөөд хэзээ ч үүнийг өөрчлөхийг хүсч байгаагүй. Гэхдээ би өөрийнхөө хүйсээр тодорхойлогдохыг хүсэхгүй байна. Харин хүн төрөлхтөнд оруулж буй хувь нэмэр, бусдыг хайрлах болон ойлгох чадвараар минь намайг тодорхойлдог гэдэгт найдаж байна. Би хүн бүхэнд сайн сайхныг хүсч байна” гэжээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)