Н.Одмөнх: Хэв маяг, загварын төрөлд баригдах дургүй
- 2018-01-26
- Энтертайнмент
- 0

Монгол хэмээх нэрийг дэлхийн загварын топ сэтгүүл болох“Vogue”-д хоёронтаа гаргасан дизайнер Н.ОДМӨНХТЭЙ цөөн хором ярилцлаа. Тэрбээр “House of Od” брэндийн үүсгэн байгуулагч бөгөөд хэв маягт баригдах дургүй, чөлөөт сэтгэлгээт загвар зохион бүтээгч юм.
-Дэлхийн загварын мэргэжилтнүүд болон хорхойтнуудын анхаарлыг татаад буй өвөрмөц хээг та зохиосон. Үүгээр юуг илэрхийлэхийг зорьсон бэ?
-Энэ төрлийн хээг Камуфляж буюу цэрэг, байлдааны утга агуулгатай гэж мэргэжилтнүүд тайлбарладаг. Харин би энэ хээгээрээ дэлхий, энхтайвныг илэрхийлэхийг зорьсон. Өөрөөр хэлбэл, амар амгалан дэлхийг урлагаар дүрслэхдээ монгол хэв маягаа тусгахыг хичээсэн юм. Монголчууд бид өөрсдийгөө Гоо маралаас удамтай гэж домоглодог. Тиймээс бугын 12 салаа эвэр шиг харагддаг. Мөн сайтар ажиглавал хээнүүд дунд OD гэх үгийг далдлан оруулсан.
-Энэ сарын “Vogue” сэтгүүлд таныг онцолсон нь анхны тохиолдол байгаагүй. Миний санаж буйгаар өнгөрсөн намар болсон Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр таны бүтээлээс танилцуулсан байх аа?
-Би хувцаснаас гадна ээмэг, бөгж, шүдний тоноглол гэх зэрэг гоёл чимэглэл гаргаж байсан. Өнгөрсөн оны есдүгээр сард Нью- Йоркийн загварын долоо хоногийн үеэр “Sad Boys” хамтлагийн хамт олонтойгоо поп-ап дэлгүүр нээсэн юм. “Vogue” сэтгүүлд тэр тухай бичсэн байсан. Өмнө нь хамтлагийнхаа хүрээнд энэ сэтгүүлд гарч байлаа.
-Гадна дотнын загварын компаниудаас хамтран ажиллах болон дэлгүүр нээх санал ирдэг үү. Таны болон “House of Od” брэндийн хэтийн зорилгоос дурдвал?
-Хамтран ажиллах санал ирдэг ч одоохондоо цуглуулгаа цахим дэлгүүрээр худалдаалж байна. Би Шведэд “Sad Boys” хамтлагийн бүтээлч захирлаар ажиллаж, хувцас урладаг байсан. Гэхдээ анхны бие даасан цуглуулгаа нэрийн брэндээрээ танилцуулах нь зөв гэж шийдсэн юм.
-Дахин давтагдашгүй стиль бүрдүүлдэг таны хувьд хэв маяг гэж юу вэ?
-Би ямар нэгэн хэв маяг, загварын төрөлд баригдах дургүй. Мэдээж төрөл бүрийн зүйлсээс бүтээлч санаа авдаг. Гэхдээ хамгийн гол нь мэдрэмж. Дотоод мэдрэмжээ бүтээл болгож чадаж л байвал аль нэг урсгалд хамруулах шаардлагагүй гэж боддог. Би улирал бүр шинэ содон бүтээл, цуглуулга танилцуулахыг хичээдэг.




Х.Заяа

Сэтгэгдэл (0)