НӨАТ-ын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн данс руу шилжинэ
- 2018-01-31
- Нийгэм
- 0

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр цаг үеийн асудлаар төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрээр “Өнөөдөр НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу хийж эхэлнэ. 2016 онд 497 мянган иргэнд 35.1 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг хийсэн. 2017 онд 54 мянга 168 иргэнд 78.1 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс эхэлж олгож эхлэж байна. Мөн Сангийн яам, татварын албатай хамтраад НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулж жилд нэг удаа бус улирал бүр, жилд дөрвөн удаа олгохоор төлөвлөж байгаа гэдгийг хэлмээр байна.
Түүнчлэн өчигдөр Магнай гэж хүн “Монгол Улсын Засгийн газрын бүх гишүүн Lexus маркын машиныг захиалсан баримт нь байна” гэх ямар ч үндэслэлгүй гүтгэлгийн мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Энэ бол огт үндэслэлгүй худал мэдээлэл гэдгийг та бүхэнд хариуцлагатайгаар хэлмээр байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс, Монгол Улсын Хэрэг эрхлэх газрын зүгээс гүтгэлэг тарааж буй хүнийг холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаар өгөхөөр болсонг мэдэгдэе” хэмээв.
Үүний дараа тэрээр сэтгүүчдийн асуултад хариулав.
-ОУВС-гийн гэрээ хэлэлцээр ямар шатанд явж байна. Хэзээ уулзалдах вэ. Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох, төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдлийн асуудалд тодорхой зөвшилцөлд хүрсэн үү?
-ОУВС-тай энэ сарын 25-с эхлэн хоёр долоо хоногийн хугацаатай хэлэлцээр хийгээд явж байна. Монгол Улсын төсөв, санхүү, мөнгөний бодлого, бүтцийн өөрчлөлттэй холбоотой олон асуудлаар хэлэлцээр хийж байна. Тус сантай 2017 оны дөрөвдүгээр сард байгуулсан хөтөлбөрөө үнэлж, дүгнэж байна. ОУВС-тай хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш эдийн засгийн байдал эрс сайжирсан. Бидний төсөөлснөөс илүү үр дү богино хугацаанд гарч байна. Төсвийн орлого 2017 онд 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Эдийн засгийн өсөлтүүд сайжирсан. Зээлжих зэрэглэл нэг шатаар дээшилсэн. Валютын нөөц жилийн өмнөхтэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн.
Татварыг нэг шатлалтай буюу 10 хувь руу оруулах асуудлыг өчигдөр УИХ-д нэн яаралтайгаар хэлэлцүүлэхээр өргөн барьж, өнөөдөр төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн. Тэтгэврийн насыг буцаан хуучин хэлбэрт нь оруулж байгаа. Иргэдийн хувьд тэтгэвэрт гарах насаа хуучин, шинэ хэлбэрийн алийг нь ч сонгож болохоор болголоо. Тэтгэврийн насыг жил бүр зургаан сараар нэмэгдэж байсанг гурван сараар нэмэгдүүлж байхаар болсон.
Б.Цэнгэл

Сэтгэгдэл (0)