Б.Бямбадорж: Мөрдөн шалгах бие даасан байгууллагыг нэн даруй бий болгох шаардлагатай

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаан хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 16 дахь илтгэлийг хэлэлцэж, Засгийн газарт чиглэл өгсөн Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжлээ. Байнгын хорооноос хүүхдийн эрх, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээ болон Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газарт чиглэл өгч байгаа юм. Засгийн газар олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм болон гэмт хэргийг хараат бусаар, үр дүнтэй мөрдөн шалгах бие даасан байгууллагыг нэн даруй байгуулах талд УИХ анхаарч ажиллах шаардлагатайг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Б.Бямбадорж хэллээ.

Үүний дараа Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчил болон Зөрчил хянан шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов. Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Банкны хууль эрх зүйн орчин шинэчлэгдэж байгаа, Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны тогтолцооны үндсэн зарчимд нийцүүлэн Хадгаламжийн даатгалын корпорацийн засаглал, сангийн зарцуулалт, хамрах хүрээ, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох харилцааг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

Хадгаламжийн даатгалын үндэсний хорооноос тогтоосон хувь хэмжээний дагуу банкууд эхлэлтийн, онцгой, улирлын гэж гурван төрлийн хураамж төлдөг байна. Эхлэлтийн хураамжийг анх банк байгуулах үедээ нэг удаа төлдөг бол онцгой хураамж төвлөрүүлсэн тохиолдол одоогоор гараагүй аж. Банкууд улирал бүр өөрт төвлөрсөн хадгаламжийн мөнгөн дүнд үндэслэн улирлын хураамж төлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 337 тэрбум төгрөг болжээ. Хадгаламжийн даатгалын корпораци зөвхөн хураамж цуглуулахтай холбоотой мэдээллийг шалгах эрх зүйн зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

С.АЗ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)