Э.Түвшинбаяр: Энэ жил шинэ суурьшлын бүс байгуулахаар төлөвлөгөөнд тусгаагүй
- 2018-02-03
- Улаанбаатар
- 0

Энэ оны тавдугаар сарын 1-нээс иргэдэд газрыг үнэ төлбөргүй өмчлүүлэх ажил дуусгавар болох гэж байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг 2003 оны тавдугаар сарын 1-нээс мөрдөж, хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ хуулиар айл өрхийн гэр бүлийн хэрэгцээнд зориулан нийслэлд 0.07 га газрыг өмчилж өгөхөөр заасан бол 2008 онд хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, иргэн бүрт газар өмчлүүлэхээр болсон. Үүнээс дөрвөн жилийн дараа нийт иргэний 9.19, Монгол Улсын газар нутгийн 0.19 хувь нь газар өмчлөлд хамрагдсан байжээ. Тиймээс энэ ажлыг хэрэгжүүлэх хугацааг дахин сунгаж, энэ оны тавдугаар сарын 1-нээс дуусгавар болохоор заасан байна. Үүнтэй холбогдуулан нүүрийг бэлтгэлээ. Энэ хүрээнд нийслэлийн Газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.ТҮВШИНБАЯРТАЙ ярилцлаа.
-Нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажил хэдэн хувийн биелэлттэй байна вэ. Үүнд нийслэлийн иргэд болон газар нутгийн хэдэн хувь нь хамрагдсан бэ?
-Улаанбаатар хотын Захирагчийн 156 удаагийн захирамжаар 190 мянга гаруй иргэнд газрыг нь өмчлүүлээд байна. Үүнд нийслэлийн нутаг дэвсгэрээс 10 га газрыг ашигласан байгаа юм. Дээрх иргэдийн тоо нь нийслэлийн хүн амын 13.4 хувьтай тэнцэж байна. Энэ нь хэдийгээр бага тоо мэт санагдаж болох ч газар өмчлөлийн ажилд суурьшлын бүсийн газраа эзэмшиж буй айл өрхүүдийг хамруулж байгаатай холбоотой юм.
-Суурьшлын бус бүс буюу тухайлбал, 22-ын товчооноос цааш ч байдаг юм уу, дэд бүтэц хөгжөөгүй газарт өмчлөх асуудал байхгүй гэж ойлгож болох уу?
-Суурьшлын бүс шинээр бий болгож, дэд бүтэц буюу автозам, эрчим хүчээр хангаж, үндсэндээ хүн амьдрах нөхцөл бүрдсэн цагт иргэдийн хүсэлтээр дамжин дүүргийн Газрын албанаас өмчлүүлэх саналыг ирүүлдэг. Түүнийг нь дүүргийн ИТХ-аар хэлэл цэж, боломжтой гэж үзвэл нийслэлийн ИХТ-д өргөн барьж, тухайн оны төлөвлөгөөнд тусгаснаар газрыг өмчлүүлэх эрх нээгддэг учиртай. Өнгөрсөн хугацаанд цахимаар газрыг өмчлүүлэхдээ нэгдсэн журмаар суурьшлын бүс үүсгэж хийсэн ажил. Үүнд 69800 иргэн хамрагдаж, 3501 га газрыг өмчлүүлсэн байдаг. Эдгээр 44 байршлаас эхний ээлжид наймынх нь эрчим хүчний асуудлыг шийдвэрлүүлэхээр нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Төрийн сангаас хөрөнгийг нь санхүүжүүлэхээр байсан ч одоогоор энэ ажил зогсонги байдалтай байна.
-Таны дээр хэлсэн 13.4 хувьд цахимаар газраа өмчилсөн 70 мянга орчим иргэн багтаж байгаа юу?
-Багтаж байгаа. Хуулиараа нийслэлд иргэний бүртгэлтэй хүн хот болон хөдөө орон нутгийн хаана ч газар эзэмших, өмчлөх хүсэлтээ гаргах эрхтэй. Тэр хүсэлтийг үндэслэж тухайн газар нутгийг хамаарч байгаа Газрын алба, Засаг дарга, ИТХ шийдвэрээ гаргах үүрэг хүлээдэг.
-Энэ жилийн хувьд суурьшлын шинэ бүс бий болгох уу. Хэдэн хүн газар өмчлөлд хамрагдах боломжтой вэ?
-3000 гаруй иргэнд газрыг нь өмчлүүлэхээр дүүргүүдээс санал ирүүлсэн. Үүнийг оны өмнө нийслэлийн ИТХ- аар батлууллаа. Гэхдээ энэ тоонд баригдах албагүй. Учир нь, гэр хорооллын суурьшлын бүсэд газраа өмчилж аваагүй 50 мянган иргэн байна гэсэн тоо гарсан. Тэднийг хамруулахын төлөө ажиллаж байна. Харин суурьшлын шинэ бүс бий болгохыг өнгөрсөн онд ч энэ жил ч төлөвлөөгүй, төсөв хөрөнгө батлаагүй.
-Зуслангийн газрыг эзэмшигчид нь өмчлүүлэх ажил ямар шатандаа явна вэ. Хүндрэлтэй асуудал юу байдаг вэ?
-Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2006 онд өгсөн чиглэл байдаг юм. Үүний дараа 2012 онд нийслэлийн ИТХ- аас зуслангийн зориулалттай 26 уулын амны ерөнхий төлөвлөгөөг баталсан. Энэ хүрээнд хоёр жилийн дараа хаягжилтын төлөвлөгөөг хийж байлаа. Түүнээс өмнө буюу 2013 онд нийслэлийн Засаг даргаас захирамжилж, зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. 2016 оноос энэ ажлыг эхлүүлж, одоогоор 767 иргэнд газрыг нь өмчлүүлээд байна. Энэ нь 2011 оны кадастрын зурганд өмчлөлийг үндэслэсэн, газар ашиглалтын байдал зөрүүтэй болсон, төрийн байгууллага иргэдийн хоорондын үл ойлголцол зэргээс шалтгаалан удаашралтай явж байгаа юм. Нөгөө талаар Зуслангийн газрын хэсэгчилсэн төлөвлөгөөнд таван жил тутам өөрчлөлт, шинэчлэл хийж байх ёстой. Энэ хугацаа болчихсонтой ч холбоотой байх.
-Газар өмчлөлийн энэ чухал ажилд иргэд яагаад хойрго хандаад байна вэ. Үүнийг эрчимжүүлэх талаар газрын алба хэрхэн ажиллаж байдаг юм бол?
-Бид газар өмчлөлтэй холбоотой хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах талаар багагүй ажил хийж байна. Хамгийн сүүлд, өнгөрсөн оны есдүгээр сарын 4-нөөс “Танд тусалъя” гурван сарын аяныг өрнүүлсэн. Үүний үр дүнд 2600 орчим иргэн газраа өмчилж авах хүсэлтээ ирүүлснийг ёсоор болголоо. Тухайн оны эхний найман сард 2400 иргэн хүсэлтээ ирүүлж байсантай харьцуулбал дээрх кампанит ажил үр дүнтэй болсон гэж хэлж болно. Иймэрхүү ажлыг тогтмол зохион байгуулах хэрэгтэй юм билээ.
-Нийслэлд газар олдохоо больчихсон юм чинь орон нутгийн зам дагуу газар өмчилж аваад нэг зоогийн газар, дугуй засвар байгуулчихъя гэвэл хэнд хандах вэ. Нийслэлийн Газрын албанд уу эсвэл танайд уу?
-Ийм тохиолдолд та нийслэлийн Газрын албанаас “Улаанбаатар хотод газар эзэмшиж, өмчилдөггүй нь үнэн” гэсэн тодорхойлолт авах шаардлагатай. Дараа нь өөрийн тань сонгосон газар аль аймгийн нутагт харьяалагдаж байна, тэр орон нутгийнхаа Газрын албанд хүсэлтээ гаргаснаар цаашдын асуудал өрнөж, тэнд газар өмчилж болох эсэхийг аймгийн ИТХ нь шийднэ.
-Иргэн өөрийн өмчилж авсан гэр бүлийн хэрэгцээний газрынхаа төлбөрт жилд хэчнээн төгрөг төлдөг юм бэ?
-Гэр бүлийн хэрэгцээний буюу хашааныхаа газар (0.07 га)-ын нэг ам метр бүрт 44 төгрөг төлнө. Газрын төлбөрийн тухай хуулиар үүний 90 хувиас чөлөөлдөг. Ингээд жилд 3080 төгрөг төлнө гэсэн үг. Аж ахуйн чиглэлээр өмчилсөн газрын тухайд бүсчлэл, зориулалтаасаа хамаараад янз бүр байдаг юм.
ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН АСУУДЛААР ЗАРИМ ИРГЭН БОЛОН АЛБАНЫ ХҮНИЙ БАЙР СУУРИЙГ СОНИРХЛОО
СХД-ийн Газрын албаны дарга Б.АЛТАНХУНДАГА: ДҮҮРГИЙНХЭЭ ГАЗРАА ӨМЧЛӨӨГҮЙ ИРГЭДИЙН ТООГ ГАРГАНА
-Манай дүүргийн хувьд иргэд газраа өмчлөх асуудалд хойрго ханддаг байсан. Өнгөрсөн онд газар өмчлөлийг идэвхжүүлэх ажлыг удаа дараа зохион байгууллаа. Үүний үр дүнд иргэдийн газраа өмчлөх нь нэмэгдсэн. Энэ оны тавдугаар сард Газар өмчлөлийн тухай хуулийн хугацаа дуусна. Үүнээс өмнө манай Газрын албаны мэргэжилтнүүд хороо бүрт ажиллаж газар өмчлөөгүй иргэдийнхээ тоог гаргахаар ажиллаж байна. Тухайлбал, Манай дүүргийн II хороонд гэхэд 498 иргэн газраа өмчлөөгүй. Үүнээс кадастрын зураг зөрүүтэй, барьцаанд байгаа зэрэг ямар нэгэн зөрчилтэй иргэд газраа өмчилж авч чадахгүй байна. Энэ ажил дуусмагц нэгдсэн бодитой мэдээлэл гарах болно. Одоогийн байдлаар өссөн дүнгээр 2003-2017 онд 66000 гаруй иргэн газраа өмчилсөн байна. Үүнээс 31000 иргэн цахимаар газар өмчилж авсан.
Б.СҮХБАТ: ГУРВАН САРЫН АЯНЫ АЧААР ГАЗРАА ӨМЧЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн IX хорооны иргэн Б.СҮХБАТ: -“Би хороондоо 10 гаруй жил амьдарч байна. Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг өнгөрсөн жил зохион байгуулсан. Аяны хүрээнд иргэдэд хороогоор дамжуулж газраа хэрхэн өмчлөх талаар зөвлөмж өгч, их тус болсон. Мөн Газрын албаны мэргэжилтэн манай хорооны газраа өмчлөх хүсэлтэй айл бүрт очиж, иргэдтэй уулзан материалыг бүрдүүлж авсан. Энэ аяны ачаар газраа өмчилж чадаагүй байсан над шиг олон хүн газраа өмчлөх боломжтой болсон.”
Н.АДЪЯАСҮРЭН: ЖИЛ БҮР Л ӨРГӨДӨЛ ӨГДӨГ Ч ХАРИУ ӨГӨХГҮЙ ЯВСААР ӨДИЙГ ХҮРЛЭЭ
Баянзүрх дүүргийн XI хорооны иргэн Н.АДЪЯАСҮРЭН: -“Баянзүрх дүүргийн ХI хороонд найман жил амьдарч байна. Манай хороонд надаас гадна өөрийн амьдарч буй газраа өмчилж чадаагүй олон хүн бий. Би 2006 оноос байгаль хамгаалагчаар ажилласан. Манай ажлаас одоо амьдарч байгаа газрыг маань зааж өгсөн юм. Миний хувьд, ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2013 тэтгэвэрт гарсан. Байгууллагаас “Энэ газрыг танд өгнө. Газрын албанд хандаад өөрийн болгож ав” гэсэн. Гэвч өөрийн гэсэн газартай болох гэж өчнөөн жил хөөцөлдөөд бүтдэггүй. Жил бүр л өргөдөл өгдөг ч хариу өгөхгүй явсаар өдийг хүрлээ. Газрын албаныхан нэлээд хүнд сурталтай. Очих болгонд элдэв шалтаг тоочиж, ийм тийм материал бүрдүүл гэх юм.
Д.ЭРДЭНЭБУЛГАН: 52 БАЙРШЛЫН НЭГЭЭР ТОДОРХОЙЛСОН Ч НОСКД-Д ШИЛЖҮҮЛСЭН
Хан-Уул дүүргийн ХVI хорооны иргэн Д.ЭРДЭНЭБУЛГАН: -“Хан-Уул дүүргийн Х хороо буюу Морингийн даваанд газар эзэмших хүсэлтээ 2013 онд өгсөн. Миний сонгосон газрыг тухайн үед иргэдэд өмчлүүлэх 52 байршлын нэгээр тодорхойлж, ерөнхий төлөвлөгөөнд тусгасан ч нийслэлийн Орон сууцны корпорацийн мэдэлд шилжүүлсэн. Бид зохих шатны дарга нарт өргөдөл хүсэлтээ өгсөн. Эл маргаантай асуудлыг хурдан шийдэж, газраа өмчлөхийг хүсч байна”.
Ч.ЭНХЦЭЦЭГ: ТҮР ГЭРЧИЛГЭЭ ОЛГОСОН УЧРААС ХҮНДРЭЛТЭЙ АСУУДАЛ ОЛОН ГАРДАГ
Сүхбаатар дүүргийн V хорооны иргэн Ч.ЭНХЦЭЦЭГ: -“Манайх Туул зөрлөгт зуслангийн байртай. Зуслангийн гэрчилгээ гэж түр гэрчилгээ олгосон. Газрыг маань өмчлүүлэлгүй түр гэрчилгээ олгосон учраас хүндрэлтэй асуудал олон гардаг. Тиймээс “Газрыг маань хувьчилж гэрчилгээ олгож өгөөч” гэсэн хүсэлтийг Газрын албанд тавьсан. Шийд гараагүй л байна”
Д.Мөнхжаргал

Сэтгэгдэл (0)