Эдийн засагт “үүр цайж”, оюутнууд сургалтын төлбөртөө санаа зовохгүй болов

 Монголчуудын уламжлалт баярын нэг Цагаан сар энэ долоо хоногт тохиох учир хаа сайгүй хөл хөдөлгөөн ихтэй байна. Иймд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын сүүлчийн орны тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулав. Өнгөрсөн долоо хоногийн дундаас хүйтний эрч нэмэгдэж цасан шуурга шуурсан учир болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан. Мөн олон улсын зарим нислэгийг тодорхой цагаар хойшлуулсан юм. Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр энэ долоо хоногт хүйтний эрч сулрах төлөвтэй байна. Өнгөрсөн долоо хоногт улс төр, нийгэм, эдийн засаг, спорт, соёл урлагийн салбар онцлох үйл явдлаар дүүрэн байв. Зарим мэдээллийг тоймлон хүргэе.

Засгийн газрын гишүүд орон нутагт ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллаж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын зорилтын талаар танилцуулахын зэрэгцээ зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.

Мөн улсын аварга малчдын шагналыг гардуулж, хэд хэдэн сумын эмнэлэгт түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө. Харин ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллав. Тэрбээр Засгийн газар Чингис бондын өрийг төсөвт хүндрэл учруулахгүйгээр хугацаанд нь төлсөн, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид буцаан авч, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр болсон, Төв цэвэрлэх байгууламж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлэх шийдвэр гаргасан, “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн, ахмадын тэтгэврийг нэмж зээлийн хүүг нь бууруулсан, оюутны сургалтын төлбөрийн зээлийг хүүгүй болгосон зэргийг иргэдэд танилцуулав.

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт талууд эерэг үнэлгээ өглөө

Олон улсын валютын сан /ОУВС/- гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт талууд эерэг үнэлгээ өгч, Монголын эдийн засагт “үүр цайлаа” хэмээн тодотгов. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн арван сарын хугацаанд Монгол Улсын эдийн засагт нэлээд олон нааштай өөрчлөлт гарчээ. Тодруулбал, валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны гүйцэтгэлээр Монгол Улсад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орсон байна. Экспорт, гадаад худалдаа нэмэгдэж, төсвийн орлого 660 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Эдийн засагт бий болсон эерэг үзүүлэлтээ хадгалах, нэмэгдүүлэхийн тулд ОУВС- тай хамтарч ажиллах шаардлагатайг Сангийн сайд онцолж, шинэ Засгийн газрын зүгээс дотооддоо бонд гаргахгүй байх бодлого баримталснаар арилжааны банкуудад 1.2 их наяд төгрөгийн богино хугацаатай бондын төлөлт хийж, 120 тэрбум төгрөгийн хэмнэлт хийснийг дуулгав. Мөн манай улсын зээлжих зэрэглэл ахисан нь хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлттэй холбоотойг талууд тодотгов.

Засгаас оюутнуудад барьсан том бэлэг

Засгийн газар хуралдаж томоохон хэд хэдэн шийдвэр гаргахын зэрэгцээ 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарлав. Тодруулбал, таван хувийн хүүтэй байсан “Оюутны хөгжлийн зээл”- ийг хүүгүй болгох шийдвэр гаргалаа. Ингэснээр жилдээ 35-37 мянган оюутан, суралцагч зээл авах боломж бүрдэж байна. Оюутнууд сургуулиа төгсөөд ажилтай, орлоготой болсныхоо дараа зээлээ эргэн төлөх юм. Өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр байсан ч банкууд таван тэрбумыг оюутнуудад олгосон учир зээлийг “Боловсролын зээлийн сан”- гаар дамжуулан олгохоор боллоо. Зээлдэгч нэг улиралд арваас доошгүй цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх ёстой. Мөн бакалаврт суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторант бол голч дүн 3.2 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийг үргэлжлүүлэн олгох юм. Түүнчлэн “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг эрчимжүүлэх, “Ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлж 3600 ажлын байр бий болгох, улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гаргахын зэрэгцээ Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг баталсан юм.

Нийслэлийн удирдлагууд бэлгээ задлав

Цагаан сарын баярын өдрүүдэд хотын зарим хэсэгт автозамын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул нийтийн тээврийн үйлчилгээг шинийн 1, 2, 3-нд үнэ төлбөргүй болгох шийдвэрийг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас гаргав. Мөн Налайх, Биокомбинат зэрэг чиглэлд нийтийн тээврийг үнэ төлбөргүй явуулахаар зохицуулжээ. Эдгээр өдөр Улаанбаатар хотын нийтийн тээврээр иргэдийн зорчих зардлыг хот даах шийдвэр гаргасныг нийслэлийн Засаг дарга дуулгаж, цаашдаа ажлын бус өдрүүдэд нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалсан байна.

С.ЮМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (119.40.99.15)

    2018-02-12

    1994 онд П.Жасрай гуайг Ерөнхий сайд байхад эдийн засгийн хонгилын үзүүрт гэрэл гарсан.2009 онд С.Баяр Оюу толгойн гэрээг засгийн газрын гишүүдээрээ хийлгэж, Монголын Эдийн засаг шинэ шатанд гарсан.2014 онд Сайханбилэг Дубайн гэрээг хийлгэж, Монгол бөизнестээ буцан ирсэн.2017 онд ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засагт гэрэл гэгээ тусгасан. Одоо үүр цайж байна гэнэ.Яасан ч урт хонгил ямарч харанхуй шөнө вэ ? Амандаа орсоноо ярих юм. боливол яасан юм бэ дээ ? Бидний амьдрал улам дордсоор л байна.