Сар шинээр 760 алба хаагчаар хүч нэмэгдүүлж ажиллана
- 2018-02-14
- Нийгэм
- 0

Нийслэлийн Цагдаагийн газар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Он гарснаас хойш нийслэлийн цагдаагийн газарт 3066 гомдол мэдээлэл ирснээс 1052 нь гэмт хэргийн, 2014 нь зөрчлийн шинжтэй дуудлага байжээ. Харин хулгайн гэмт хэргийн шинжтэй мэдээлэл өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар буурчээ. Тухайлбал, өнгөрсөн оны мөн үед хулгайн гэмт хэргийн шинжтэй 454 мэдээлэл ирж байсан бол энэ онд 387 гомдол ирүүлжээ. Нийслэлийн цагдаагийн газар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор сар шинийн баярыг угтаж “Нийтийн эргүүл” арга хэмжээг уржигдар эхлүүлжээ. Уг арга хэмжээний хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Замын цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон олон нийтийн цагдаагийн ажилтан, хэв журмын эргүүлүүд гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг, үйлдэгдэж болзошгүй 286 чиглэлд 1744 алба хаагч ажиллаж байгаа аж. Энэ онд хулгайн гэмт хэргээс сэргийлэх үүднээс “Хулгайчаас салцгаая” пэйж хуудас нээн хэд хэдэн хэргийг амжилттай илрүүлсэн байна. Цаашдаа уг цахим хуудсыг хөгжүүлэн хулгайн гэмт хэрэгтэй эрчимтэй тэмцэх аж.
Харин он гарснаас хойш архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас есөн хүн бэртэж гэмтжээ. Тиймээс Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр “Хуулиа мөрдье- 21” арга хэмжээг зохион байгуулж давхардсан тоогоор 5540 гаруй аж ахуйн нэгж, 4100 гаруй иргэн, 850 орчим дэн буудлыг шалгаж 180 гаруй зөрчил илрүүлж, насанд хүрээгүй хүнд үйлчилсэн 15 аж ахуйн нэгж, гурван иргэнийг 3.6 сая төгрөгөөр торгосон байна.
Э.БӨХБАТ: ЦАГААН САРААР ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАНА
Энэ үеэр Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас доорх зүйлийг тодрууллаа.
-Сар шинийн баяраар зам тээврийн ослоор гэмтэж бэртэх амь насаа алдах тохиолдол цөөнгүй гардаг. Ослын гол шалтгаан нь юу вэ?
-Өнгөрсөн оны cap шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд 14 хүний амь нас хохирч, 48 хүн хүнд, хөнгөн гэмтсэн харамсалтай мэдээ байна. Үүнээс орон нутгийн замд 13 хүн, нийслэлд нэг хүн амь насаа алдсан хэрэг бүртгэгдсэн. Ослын шалтгааныг авч үзвэл гэрэл шилжүүлэхгүй байх, согтуугаар жолоо барих гэх мэт хүчин зүйлээс шалтгаалж байгаа боловч 70 хувь нь хурд хэтрүүлснээс үүдэлтэй. Нийслэлд гарсан осол нь хажуу хоорондын зай бариагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн, тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад болох хэсэгт байршуулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас гарч байгаа. Түүнчлэн 65 орчим хувь нь эгнээ байр өөрчлөх журам зөрчсөний улмаас осол гаргасан байна. Тиймээс энэ жил баярын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо дээрх төрлийн зөрчлийг гаргахгүй байхыг анхааруулъя.
-Сар шинийн өдрүүдэд нийслэлийн Замын цагдаагийн газрынхан хэрхэн ажиллах вэ?
-Cap шинийн баярын өдрүүдэд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэл хотын хэмжээнд нийт 212 уулзварыг хяналтад авахаас гадна гэр хороолол, орон сууц дундах замыг давхар хяналтдаа авч замын цагдаагийн албаны 478 алба хаагч, ХСИС-ийн 280 сонсогчоор хүч нэмэгдүүлэн, нийт 760 алба хаагч ард түмнийхээ амар амгалангийн манаанд зогсч ажиллана. Хэдийгээр алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдөлгөөн зохицуулан хүч нэмэгдүүлэн ажиллах боловч жолооч нэг бүрийн сахилга, хариуцлага, дүрэм хөдөлгөөнд оролцох байдал чухал нөлөөтэй. Ганцхан жолоочийн сахилга, хариуцлагагүй буруу үйлдлээс шалтгаалж тухайн гудамж, замын хэсэгт механик ачаалал, түгжрэл саатал үүсэхээс гадна Улаанбаатар хотын бусад замын нэвтрүүлэх чадварыг бууруулахад нөлөөлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирч зам тээврийн осол гарах шалтгаан болно. Тиймээс иргэдийг баярын өдрүүдэд замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.
-Баруун гар талдаа хүрдтэй машины гэрлийг өөрчилнө гэж байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Авто тээврийн үндэсний төвөөс баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгалыг өөдөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулахгүй, хөдөлгөөнд оролцогч бусад хүнд таагүй байдал үүсгэхгүй байх техникийн шийдлийг олж, энэхүү ажлыг орон даяар эхлүүлээд байна. Шөнийн цагаар гарч буй зам тээврийн осолд баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нөлөөлдөг. Энэ нь 18.00-00.00 цагт гарсан осол дийлэнх хувийг эзэлсэн гэсэн тоон үзүүлэлт байдаг. Тиймээс Монгол Улсад ашиглаж байгаа баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилж зөв тусгалтай болгох шаардлага тулгарч байна. Энэ онд Автотээврийн үндэсний төвөөс 100 мянган тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх бөгөөд үлдсэн тээврийн хэрэгслүүдийн гэрлийн тусгалыг өөрчлөх ажлыг жил жилээр төлөвлөн хэрэгжүүлэхээр болсон. Иргэд, жолооч нар автомашиныхаа гэрлийн тохиргоог хийлгэсэн талаарх мэдээллийг автомашины салхины шилэн дээр наалт хийнэ. Ингэснээр автомашинаа үзлэгт хамруулж, гэрлийн тохиргоогоо хийлгэсэн эсэхэд хяналт тавих юм. Энэхүү ажлыг хийж хэрэгжүүлэхэд АТҮТ өөрийн хөрөнгөөс 229 сая төгрөг зарцуулсан бөгөөд дээрх тохиргоог хийлгэхэд жолооч 1650 төгрөг төлөх шаардлагатай болно.
Б.Мөнх-Эрдэнэ

Сэтгэгдэл (0)