Номтой нөхөрлөе
- 2018-02-15
- Боловсрол
- 1

Хүмүүн төрөлхтний оюуны яндаж боломгүй их ундарга, гайхамшигт бүтээл ном юм. Тиймээс ч аливаа соёлт ертөнцийн хүний амьдрал, үйлийг номгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монголчууд бид бичиг үсэгтэй болсон цагаасаа хойш ном судрыг бүтээж ирсэн түүхтэй билээ. Өнөөгийн та бидний өвөг дээдэс номтой нөхөрлөж, номын хүн гүнзгий утга агуулгыг ухааран амьдрал хөдөлмөртөө ямар нэгэн хэмжээгээр тусган дээдэлж ирсэн байдаг. Тиймээс ч ухааран унших ном судраа торго дурдангаар баринтаглан, бурхныхаа ширээ давшуурган дээр залж шүтдэг уламжлалтай байжээ. Номыг унших бүр ухаан тэлж шинийг мэдрүүлдэг ид шидтэй. Тиймээс ч ардын уран зохиолч, академич их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн гуай “Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн. Номыг унших нь тэнгэрт нисэн, дэлхийг тойрч, далайд хөвөх мэт” хэмээн бахархан өгүүлсэн хэрэг. Гуч, дөчөөд оны хүүхэд, багачууд бидэнд унших ном тун ховор байдаг байлаа. Шинээр хэвлэгдэн гарсан ном зохиол хөдөө нутагт тэр бүр олдохгүй. Сумын дэлгүүрт ганц хоёрхон ширхэг хуваарилагдан очно. Аз таарч түүнийг авсан нэг нь өөрөө уншиж дуусгаад найз нартаа дамнуулан өгч уншуулна. Ийм маягаар бид номыг гар дамжуулан уншсаар бүр урагдаж, заримдаа элэгдсэн хуудсыг нь нааж баларсан үг өгүүлбэрийг бэхээр нөхөж бичиж байгаад уншдагсан. Дөч, тавиад оны үед хэвлэгдэж гарсан Ч.Лодойдамбын “Алтайд” роман Д.Сэнгээгийн “Аюуш” тууж, Б.Ринченгийн “Үүрийн туяа”, Ц.Дамдинсүрэнгийн “Монголын нууц товчоо” зэрэг бүтээл ийм л замаар хөдөөгийн сэхээтнүүд, уншигчдад хүрдэг байлаа. Тэр үед сургуулийн сурах бичиг, унших ном ч ховор. Нэг ангийн гуч дөчөөд сурагчдын дунд арав, хорин ном сурах бичиг байвал дээдийн заяа гэнэ. Түүнийгээ л дамжуулан уншина. Тэр үеийг одоотой харьцуулахад ёстой л өдөр шөнө шиг ялгаатай байгаа биз дээ. Тийм болохоор одоогийн хүүхэд, залуучуудад сурах бичиг, унших ном зохиол хангалттай байна.
Харин компьютер интернэт... радио телевиз гээд үзэх харах хэвлэл мэдээллийн олон хэрэгсэл дэлгэрсэн өнөө цагт ном унших хүн тун цөөрсөн гэж нэг хэсэг шуугиж бараг оюуны хомсдол нүүрлэлээ гэх нь холгүй юм болсон. Харин өнөөдөр байдал арай өөр болж байх шиг. “Хүүхдүүд, дүү нар минь ном сайн унш. Хүсэлтэй сонирхолтой бүхэн номын хуудсан дээр бий” гэж бичсэн байдаг. Тийм болохоор номтой нөхөрлөх аяныг өрнүүлье. Оюуны тань мэлмийг улам нээж, мэдлэгийн чинь хүрээ улам өргөжих болно. Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав “Ээж минь намайг хүн болгож төрүүлсэн бол ном намайг найрагч, зохиолч болгосон юм” гэж бахархан өгүүлсэн байдаг. Ном хүний мэдлэг- мэргэжил жил, амжилт бүтээлийн хөтөч болж явдгийг үүнээс мэдэж болно. Ном өвгөн надад дотно нөхөр зөвлөгч болж байна. Хүүхэд, залуус та бүхэн хичээл сургууль хийдэг ажлынхаа зав, чөлөөгөөр номтой нөхөрлөөрэй. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын сургуулийн сурагч Б.Мөнхцэцэг хэдэн жилийн өмнө “Ном уншихаар мундаг хүнтэй уулзсан юм шиг болдог” гэж номын уншихын сайхныг бишрэн хэлсэн байдаг. Ийм хүүхэд залуус улам олон болж номын ертөнцөөр аялж байвал бүр ч сайн сан.
Ю.САНЖААГОНЧИГ

Сэтгэгдэл (1)
Бат (127.0.0.1)
Үнэхээр гоё юмаа