Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчилнэ

Засгийн газрын энэ сарын 14-нд болсон ээлжит хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 1999 онд баталсан Хөдөлмөрийн тухай хууль нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаг үетэй нийцэхгүй, зарим талаар хоцрогдож байгаа учир шинэчлэн найруулах зайлшгүй шаардлагатай болжээ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийв. Шинэчилсэн найруулгын төсөлд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг өргөтгөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинж бий болсон үеэс хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцохоор тусгажээ. Мөн ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалах эрх, хүлээх үүргийг тэнцвэржүүлэх зорилгоор хуулийн төсөлд ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь суурь эрхийг заахаас гадна ажил олгогчийн өмнө зайлшгүй хүлээх үүргийг тодорхой болгосон байна. Олон улсын хөдөлмөрийн суурь эрх болох эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлах, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох, албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой зохицуулалтыг нарийвчлан оруулжээ.

Мөн ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх тогтолцоо бий болгох, бүтэн бус цагаар ажиллах ажилтны цалин хөлс, ээлжийн амралт зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Түүнчлэн уул уурхай, ашигт малтмал олборлолтын салбарт гэрээсээ алслагдмал газар тогтмол хугацаанд ажил, үүрэг гүйцэтгэх ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан зохицуулах зэрэг олон заалтыг нэмсэн талаар ХНХ-ын сайд мэдээллээ.

М.ЭНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)