ЮНЕСКО-д бүртгүүлсэн шинэ өвүүдийн батламжийг гардуулна

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс 1963 оны гуравдугаар сарын 1-ний өдөр байгуулагджээ. Тус комиссын 55 жилийг ойг тохиолдуулан өнгөрсөн онд ЮНЕСКО-д бүртгэгдсэн Дагуурын ландшафт, Данжуурын гэрэлт хөшөө, Уул овоо тахих монгол зан үйл хэмээх гурван өвийн батламжийг холбогдох яамдад гардуулах ёслол ирэх сарын 2-нд болно. Уг ёслолыг Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО- ийн Монголын үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар нээх бөгөөд ёслолд тус өвүүдийн судалгаа, бүртгүүлэх явцад гар бие оролцсон эрдэмтэн, судлаачид хүрэлцэн ирэх юм. Монгол улсаас ОХУ- тай хамтран нэр дэвшүүлсэн Дагуурын ландшафтыг 2017 оны долдугаар сарын 7-ны өдөр Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад бүртгэсэн юм.

Дагуурын дархан цаазат газрыг Дагуурын амьтан, ургамлын төрөл зүйлс тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах зорилгоор 1992 онд байгуулжээ. Уг дархан цаазат газартай хил залгаа ОХУ-ын нутагт “Даурский” дархан газар оршдог. Нүүдлийн шувуудыг хамгаалах зорилгоор 1997 онд Орос, Хятад, Монголын хамтарсан дархан цаазат газрыг байгуулсан байна.

Монголын үндэсний номын санд хадгалагдаж буй Данжуурын гэрэлт хөшөөг ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримтат өвийн Олон улсын жагсаалтад 2017 оны аравдугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн. Энэхүү гэрэлт хөшөө нь Баримтат өвийн жагсаалтад 2011 онд бүртгэгдсэн Монгол Шунхан Данжуурын 226 боть номыг 1924 онд Монгол Улсын нийслэлд залж авч ирсний дурсгалд зориулан 27 жил урлан бүтээсэн 248 см өндөртэй хөшөө юм. Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Уул овоо тахих монгол зан үйл өвийг ЮНЕСКО- ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад 2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр бүртгэсэн байна. Уул овоо тахих зан үйлийг эрт цагт бөөгийн ёсоор хийж байснаа XVI зууны үеэс буддын шашны зан үйл болгон хөгжүүлж ирсэн түүхтэй. Энэхүү өвийг бүртгүүлэхийн тулд манай улсын холбогдох салбарын мэргэжилтнүүд долоон жил ажилласан байна.

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)