Үлэг гүрвэлийн бодит үзмэртэй танилцаж, тухлан саатаарай
- 2018-03-02
- Нийгэм
- 0

Монголын түүх, соёл, зан заншил, үндэсний бахархалт үнэт зүйлсийг сурталчлан таниулах чиглэлээр тусгайлан үзэсгэлэн гаргах, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахыг БСШУС-ын сайд улс, орон нутгийн музейн захирал, эрхлэгч нарт үүрэг болгоод буй юм. Энэ ч үүднээсээ хүүхэд багачууд гэлтгүй томчууд ч очиж сонирхон үзэх дуртай газрын нэг Үлэг гүрвэлийн төв музей. Бид энэхүү музейгээр ороход Эрдэм шинжилгээ, судалгааны албаны дарга Ч.Дарханчимэг угтлаа. Тэрбээр “Манай музейг харьцангуй сүүлд байгуулсан. Гэхдээ үзэгч, жуулчид ихэд сонирхон үздэг. Одоогоор манайх үзэсгэлэнгийн хоёр танхимтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Ирэх сард “Дэлхийн шим мандлын үүсэл хөгжлийн шинэ танхим”-ыг нээх төлөвлөгөөтэй байна. Манайд цэцэрлэг, сургуулийн хүүхэд багачуудад зориулсан боловсролын тусгай хөтөлбөрүүд байдаг. Тухайлбал, “Бяцхан палеонтологич”, “Өндөг” зэрэг хөтөлбөр бий. Боловсролын энэ хөтөлбөрөөрөө дамжуулан хүүхэд багачууд палеонтологийн шинжлэх ухааны суурь ойлголтыг өгөхөөс гадна эх орныхоо соёлын үнэт өвийг хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлдгээрээ ихээхэн ач холбогдолтой гэв. Энэхүү музейгээр зочлохоор бол хүүхэд 500, том хүн 3000, оюутан 1000 төгрөг төлдөг байна. Үлэг гүрвэлийн төв музейн тайлбарлагчид “Үлэг гүрвэлийн олдвор хамгийн их олддог эхний гурван улсын нэг нь манай орон. Тэр дундаа Монголын говь нутгаас ихээр олддог. Цэрдийн галавын үеийн биет олдворуудыг манай музейгээс үзэж болно. Манай музейн хувьд бодит, биет олдворыг үзмэрт дэлгэж, олон нийтэд дэлгэн харуулдгаараа онцлогтой” хэмээв. Мөн энэ үеэр нийслэлийн ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд “Богд хааны ордон музей, Монголын үндэсний түүхийн музей”-тэй хамтран автобустай аяллыг зохион байгуулах юм билээ. Ийнхүү музейн нээлттэй хаалганы өдрүүдээр иргэддээ үнэ төлбөргүй үйлчлэх учраас үзэгчид энэхүү боломжийг алдалгүй үр хүүхдүүдтэйгээ музейгээр аялж, Монголынхоо түүх соёл, өвөг дээдсийнхээ үлдээсэн агуу их түүх үзмэрийг үзэж сонирхоорой.
Улаанбаатар хот дахь үнэгүй үйлчлэх 11 музей:
|
|
Төрийн түүхийн музей |
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-1 |
| 2 |
Байгалийн түүхийн музей |
Сүхбаатар дүүрэг. Засгийн газрын ордны баруун хойно |
| 3 |
Богд хааны ордон музей |
Хан-Уул дүүрэг, Зайсан явах замын баруун талд |
| 4 |
Үлэг гүрвэлийн төв музей |
Чингэлтэй дүүрэг 5-р хороо, Тусгаар тогтнолын талбайн чанх ард буюу хуучнаар Лениний музей |
| 5 |
Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей |
Чингэлтэй дүүрэг. Худалдаа хөгжлийн банкны төв байрны баруун талд, Барилгачдын талбай |
| 6 |
Монгол цэргийн музей |
Хил хамгаалах ерөнхий газрын зүүн талд, ИЗИС-н чанх урд |
| 7 |
Монголын үндэсний музей |
Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын ордны баруун талд |
| 8 |
Театрын музей |
Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний арын 2 аркны дунд |
| 9 |
Чойжин ламын сүм музей |
Сүхбаатар дүүрэг, UB Mart худалдааны төвийн баруун талд |
| 10 |
Улаанбаатар хотын түүхийн музей |
Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талд |
| 11 |
Монголын Уран зургийн галерей |
Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний зүүн талд |
Г.НЯМСҮРЭН

Сэтгэгдэл (0)