Эрүүгийн хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулна гэв
- 2018-03-05
- Нийгэм
- 0
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ХЗДХЯ-тай хамтран Эрүүгийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаарх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Учрал, ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр болон Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, ЦЕГ, ТЕГ, АТГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль сахиулахын их сургууль, Монголын хуульчдын холбоо зэрэг нийслэл болон орон нутгийн хуулийн байгууллагын 400 орчим төлөөлөл оролцсон байна. Хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулсан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Энэхүү хэлэлцүүлгээс дараах үр дүнд хүрэхийг эрмэлзэж байна. Нэгдүгээрт, хуулийг хэрэгжүүлэх явцад буруу, зөрүүтэй ойлгож байгаа зүйлийг нэг мөр болгох. Хоёрдугаарт, хуулийг хэрэгжүүлэх явцад зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлуудыг нэгтгэж, зөвлөмж гарган ХЗДХ-ийн сайдад хүргүүлэх болно. ХЗДХ-ийн сайд уг зөвлөмжид үндэслэн Эрүүгийн хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, энэ оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх болно” гэлээ. Түүнчлэн хэлэлцүүлгээр хөндөж ярилцах хэд хэдэн чухал асуудал байгааг онцлов. Тухайлбал, байцаан шийтгэх ажиллагааны явцад гарч буй бэрхшээл, Эрүүгийн хуулийн зарим төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогыг чангатгах, ялангуяа авилга, хээл хахуультай холбоотой албан тушаалтны хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, ялын бодлогыг нэмэгдүүлэх, мөн өмчлөх эрхийн гэмт хэрэгтэй тэмцэх явдлыг чангатгах саналууд урьдчилсан байдлаар бичгээр ирснийг тодотголоо.
М.ЭНХ

Сэтгэгдэл (0)