Утааны эсрэг дахин цугларч, Улаанбаатар өргүй хот болсныг зарлав

Өнгөрсөн долоо хоногт улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын үйл явдлаар дүүрэн өдрүүд байлаа. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын Япон улсад хийсэн айлчлалын хүрээнд Токио хотноо Монгол, Японы эдийн засгийн форумыг зохион байгуулж, тус орны техник технологийг нутагшуулахаас түншлэл эхлэх ёстой гэдэгт талуудын бизнес эрхлэгчид санал нэгдсэн байна.

Мөн мэдээллийн технологийн чиглэлээр ойрын жилүүдэд 400 инженер бэлтгэж, Монголд “Мэдээллийн технологийн төв” байгуулахаар тохиролцжээ. ОХУ-ын нийслэл Москва хотноо Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны XXI хуралдаан болж өнгөрлөө. Хуралдаан маш амжилттай болсныг Шадар сайд Ө.Энхтүвшин онцлон тэмдэглэсэн бөгөөд Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмждэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахаар тохиролцож, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд гурван талыг хамарсан дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр санал солилцжээ.

Мөн УБТЗ-ын дамжин өнгөрүүлэх ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, техник дэд бүтцийг шинэчлэх талаар хэлэлцэж, эрчим хүч, мал аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, худалдааны чиглэлээр хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэхээр ярилцаж тохиролцсон байна. Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан лхагва гарагт болж, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 23 дугаар тогтоол Үндсэн хуулийг зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцлээ. Цэцийн дунд суудлын хуралдаанд уг мэдээллийг ирүүлсэн иргэд болон УИХ-ыг төлөөлж Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар нарын гишүүн оролцсон. Хэлэлцүүлгийн төгсгөлд Үндсэн хуулийн Цэцээс “УИХ-ын 23 дугаар тогтоол Үндсэн хуулийг зөрчөөгүй” гэсэн дүгнэлт гаргасан юм. Засгийн эрх барьж буй МАН-ын үүсч байгуулагдсаны 97 жилийн ой, Эх орончдын өдөр өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдлын нэг байсан юм. Энэ хүрээнд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон намын Удирдах зөвлөлийн гишүүд НАШБ (намын анхан шатны байгууллага)-ын удирдлага, дарга нартай уулзаж, Засгийн газрын үйл ажиллагаа, намын Мөрийн хөтөлбөр, сонгуулийн амлалтын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тэдний санал бодлыг сонслоо. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “2018 оны улсын төсөвт тодотгол хийхгүй” гэж мэдэгдсэн нь хэвлэлийнхний анхаарлыг ихэд татсан юм.

Мөн нийслэлийн Засаг дарга С.Батболд урьд өмнө хуримтлагдаад байсан 140 тэрбум гаруй төгрөгийн концессын гэрээний өрийг барагдуулснаар Улаанбаатар өргүй хот болсныг зарлав. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт МАН үүсэн байгуулагдсаны 97 жилийн ой, Эх орончдын өдөр тохиолоо. Энэ өдөр МАН-ын удирдлага, гишүүн, дэмжигчид уламжлал ёсоор Ардын хувьсгалын их жолоодогч, анхны долоогийн нэг, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. Мөн баярын хурал хуралдуулж, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх илтгэл тавьж, нийт ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр, тусгаар тогтнолоо дэлхийд тунхаглаж, хоцрогдсон буурай орноос хөгжил дэвшил рүү удирдан залж, эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө залуу нас, халуун амиа өргөсөн үе үеийн эх орончдынхоо гавьяа зүтгэлийг эгнэгт мартах учиргүйг сануулж, “МАН-ын түүх бол эрх чөлөө, бүтээн байгуулалтын түүх юм” гэж онцоллоо. Энэ өдөр МАН-д 97 гишүүн шинээр элсч, намын эгнээг өргөжүүлсэн юм.

Өнгөрсөн өдрүүдэд УИХ дахь сөрөг хүчин, бие даагч гишүүн ч зүгээр суусангүй. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, “АТГ жараахайтай тэмцээд хэрэггүй. Том акулуудтай нь тэмц” гэж мэдэгдэв. УИХ-ын бие даагч гишүүн С.Жавхлан Монголын тэмдэглэлт баяруудад шүүмжлэлтэй хандаж, оффшорчидтой хатуу ширүүн тэмцэхээ илэрхийлж байлаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг 2010 онд Мадрид хотноо байгуулагдсан Цаазын ялын эсрэг Олон улсын комиссын бүрэн эрхт төлөөлөгчөөр сонгожээ. Тус байгууллага нь хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай, цаазын ялыг халахад хувь нэмрээ оруулсан хараат бус бүрэн эрхт 16 төлөөлөгчөөс бүрддэг аж.

Нийслэлийн ЗДТГ-аас “Блумберг ТВ”-тэй хамтран “Утаагүй Улаанбаатар” цуврал форумыг зохион байгууллаа. Форумд янз бүрийн салбарын 200 гаруй төлөөлөл оролцож, утааг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулах, дэд бүтцийг сайжруулах, мөн түүхий нүүрсний хэрэглээг багасгаж, сайжруулсан түлш хэрэглэх явдал гэдэгт санал нэгдсэн байна. Иймээс гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд энэ онд 2000 айл өрхийг орон сууцаар хангах төлөвтэй байгааг Гэр хорооллын дэд бүтцийн албанаас мэдээлжээ. Одоогоор нийслэлийн хүн амын 60 хувь нь инженерийн дэд бүтэц хангамжгүй, олон улсын жишигт үл нийцэх орон сууцанд амьдарч байгаа нь асуудлыг улам хүндрүүлж байна гэж албаны хүмүүс мэдэгдэж байна.

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)