"Биткойн"-ны эргэн тойрон дахь сонирхолтой баримтууд

Сүүлийн үед хүчээ аваад байгаа "Bitcoin" буюу цахим мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ, хамрах хүрээний талаар сонин хэвлэл, цахим орчинд нэлээдгүй бичих болжээ. Өдгөө "Bitcoin"-ийг ашиглан асар их мөнгөтэй болсон хүмүүс ч төрөн гараад байгаа юм. Тэгвэл "Bitcoin" гэж яг юу юм бол? Энэ талаар та бүхэндээ товч бөгөөд тодорхой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

1. 2009 онд бий болсон

"Bitcoin" нь дэлхийн хамгийн анхны цахим мөнгөн тэмдэгт бөгөөд интернэтээр наймаа арилжаа хийх боломжийг олгодог. Кодлолтой учраас ямар ч аюулгүй гэж үздэг. Эзэмшигч бүрийн хийсэн арилжааг тэмдэглэж байдаг блокчейнийг ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг байна. Нэг үгээр хэлэх юм бол "bitcoin"-ий нэг эзэмшигч нөгөө эзэмшигч рүүгээ тодорхой хэмжээний мөнгийг гуйвуулж байна гэсэн үг юм.

2. Эзэмшигчийнх нь жинхэнэ нэр тодорхойгүй байдаг

Эзэмшигчийнх нь нэр тодорхойгүй байдаг болохоор асар олон хүн "Bitcoin"-ийг сонирхдог. Интернэтээр наймаа арилжаа хийж байх үедээ нөгөө хүнийхээ жинхэнэ нэр, хаана оршин суудаг зэргийг мэдэх ямар ч боломжгүй юм. Танд мэдэгдэх зүйл гэвэл ердөө тэр хүнийг илэрхийлэх  тоон хаяг л байх болно. Өөрөөр хэлбэл энэхүү тоон хаяг нь тухайн хүний нууц нэр гэсэн үг. 

3. Хэн үүнийг бий болгосон бэ?

"Bitcoin"-ийг анх үндэслэж, хэрэглээнд нэвтрүүлсэн хүн өнөөг хүртэл тодорхойгүй байдаг хэдий ч, Сатоши Накамото хэмээх эрхмийг анх үндэслэсэн гэж таамагладаг билээ. 1973 онд төрсөн, өдгөө Япон улсад ажиллаж амьдардаг гэсэн мэдээлэл л байдаг аж. Зарим хүмүүс түүнийг Америк юмуу Европын аль нэг улсад амьдардаг, компьютерийн шинжлэх ухааны мэргэжилтэн байх гэж таамагладаг байна.

4. Үндэслэгч нь тун баян хүн бололтой

Энэ оны 12-р сарын 18-ны өдөр нэг "bitcoin" 19771$-той тэнцэж дээд рекорд тогтоосон бөгөөд "Форбес" сэтгүүлийн мэдээлэлж буйгаар тэрбээр дэлхийн 44 дэх хамгийн баян эрхмээр нэрлэгдээд байгаа ажээ. Зарим хүмүүс Сатоши Накамото хэмээх эрхмийг үндэслэн байгуулагч нь хэмээн үздэг бол нөгөө нэг хэсэг нь шифрлэсэн бичээсний мэргэжилтэн Майкл Клерийг мөн гэж үздэг. Тэднээс гадна Финляндын тоглоом хөгжүүлэгч Вили Линдонвирта үндэслэгч нь байх өндөр магадлалтай гэнэ.

5. Энэ хүнийг Bitcoin-ийг үндэслэгч гэцгээдэг

Зарим хүмүүс Крейг Стивен Врайт хэмээх бизнесменийг Bitcoin-ийг үндэслэгч гэж үздэг. Учир нь тэрбээр өөрийнхөө бичсэн "Wired and Gizmodo" номондоо өөрийгөө Накамото болохыг батлахуйц и-мэйл, блогийн нийтлэл, хуулбарыг багтаасан байдагтай холбоотой юм. Тэрбээр өөрийгөө "Bitcoin"-ийг үндэслэсэн хүн хэмээдэг боловч өнөөг хүртэл үүнийгээ баталж чадаагүй л байгаа билээ.  

6. Bitcoin нь "Хар вэб"-ийн үндсэн мөнгөн тэмдэгт юм

"Хар вэб" гэдэг нь тусгай програм хангамжийг ашигладаг нууц интернэт орчныг хэлдэг ба орчин цагт "Хар вэб"-ийн гол төлөөлөгч нь Tor (The Onion Router) болоод байгаа ажээ. Tor-ийг АНУ-ын Тэнгисийн цэргийн флот зохиосон бөгөөд дурын хүн нэрээ нууцлан интернэтээс хайлт хийх боломжтой юм. Tor нь 2011 оноос эхлэн Bitcoin-ийг ашиглаж эхэлсэн агаад эндээс зэвсэг, хар тамхи, хуурамч пасспортыг ч худалдан авах боломжтой байдаг.  

7. Хууль бус барааг авч, борлуулах хялбар болжээ

Хүмүүс баригдана гэж санаа зоволтгүйгээр нэрээ нууцлан наймаа арилжаа хийдэг болсон учраас биткойныг ашиглаж, ихэнхдээ хууль бус барааг авч, худалдаалах болжээ. Судлаачдын гаргасан тооцоогоор жил бүр "Хар веб"-ээр дамжуулан нийт 100 сая долларын хар тамхины хууль бус наймаа хийгддэг байна. 

8. Bitcoin-оор гэмт хэрэгтнүүд хууль бус наймаа хийдэг

Bitcoin-ийг ашиглан хууль бус наймаа хийдэг гэмт хэрэгтнүүдийг мөрдөж баривчилдаг хүмүүс бол мэдээж Тагнуулын газрынхан билээ. Тэдний хүчин зүтгэлийн ачаар 2016 онд 50%-тай байсан гэмт хэргийн үзүүлэлт энэ онд 20% болтлоо буурсан аж. 

9. Bitcoin-оор баяжсан хүү

Энэ Еврей хүүг  Эдди Зиллан гэдэг бөгөөд 2012 онд 13 нас хүрэхэд нь насанд хүрсний баярын бэлэг болгож эцэг эх нь 5000 ам долларыг бэлэглэжээ. Бэлгийн мөнгө, зун цагийн ажил хийж олсон 7000$ нийт 12,000$-оороо тэр цахим мөнгөн тэмдэгт худалдаж авсан бөгөөд 5 жилийн дараа хүү 500,000$-той баян залуу болчихсон байжээ. 

10. Bitcoin-ий тэрбумтан ихрүүд

Та  Камерон, Тайлер Винклвосс нарын тухай сонссон байх. Тэд Facebook-ийг үндэслэгч Марк Зукербергийг өөрсдийнх нь санааг хулгайлсан хэмээн шүүхээр заргалдаж алдартай болсон билээ. Маркаас 65 сая долларыг нэхэмжилж чадсан ихрүүд энэ мөнгөнийхөө 11 сая долларыг 2013 онд Bitcoin болгожээ. Тэд Bitcoin-ий үнэт цаасны багцаас асар ихийг эзэмшдэг бөгөөд өдгөө Bitcoin-ий ачаар тэрбумтнууд болсон байна. 

11.Хүмүүс bitcoin-той болох гэж галзуу үйлдэл хийдэг

Гар дээрээ бэлэн мөнгөгүй хүмүүс бусдаас мөнгө зээлж bitcoin-ийг худалдан аваад баяжна гэж найддаг нь туйлын эрсдэлтэй алхам юм. Хойд Америкийн Аюулгүйн албаны нийгэмлэгийн дарга Жозеф Боргийн хэлж байгаагаар "Хүмүүс bitcoin-ийг худалдаж авахын тулд өөрийнхөө байрыг барьцаанд тавих үзэгдэл нэлээдгүй түгээмэл байгаа бөгөөд зээлийн картан дахь хамаг мөнгөө шавхах бол энүүхэнд" гэнэ. 

12. Bitcoin үнэхээр хагарахаа хүлээж буй хөөс гэж үү?

Өдгөө тун чиг амжилттай яваа цахим мөнгөн тэмдэгт үнэхээр ирээдүйтэй зүйл үү үгүй юу гэдэгт хариулах арай эрт байна. Зарим хүмүүс ингэж их сонирхол татаж байгаа зүйл тун удахгүй сүйрнэ гэж үзэж байхад зарим нь үүнийг ирээдүйд улам хүчээ авна гэж таамаглаж байгаа ажээ. "Wall Street Journal"-оос явуулсан нэгэн судалгаагаар нийт эдийн засагчдын 96% нь "Хөөс хагарах эсэх нь ердөө л цаг хугацааны асуудал" гэж үзжээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)