Т.Гантогтох: 12.6 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн

 Хаврын улиралд махны хомсдол үүсч, махны үнэ хөөрөгддөг. ХХААХҮЯ-наас махны үнийг тогтвортой байлгах үүднээс нөөцийн мах бэлтгэн, ирэх сараас худалдаанд гаргахаар зэхэж байгаа аж. Энэ талаар тус яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Т.ГАНТОГТОХООС тодрууллаа.

-Махны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хэчнээн тонн мах бэлтгэсэн бэ?

-Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын зорилтот бүлгийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, тогтоосон үнээр мах борлуулах үүднээс үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд нөөцөлсөн махыг ирэх сараас худалдаан гаргахаар зэхэж байна. Засгийн газрын 2017 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 44 дүгээр тэмдэглэлд тусгасан мал, мах бэлтгэлийг эрчимжүүлэх ажлыг махны үйлдвэр, мах хадгалах зориулалтын хөргөлттэй агуулах бүхий аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж, орон нутгаас нийт 12.6 мянган тонн мах бэлтгэсэн. Бүрдүүлсэн махны нөөцийн 24.3 хувийг үхэр, 40.8 хувийг хонь, 34.9 хувийг ямааны мах эзэлж байна. Энэ жилийн нөөцийн махны хувьд намрын цагт мал тарга тэвээргэ сайтай байх үед бэлтгэсэн учир чанарын асуудал дээр санаа зоволтгүй.

-Энэ ажилд хэчнээн төгрөг зарцуулах вэ?

-Арилжааны дөрвөн банктай “Зээлийн хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлэх гэрээ”, 10 аж ахуйн нэгжтэй “Мал, мах бэлтгэх, махны нөөц бүрдүүлэх, түүнийг хадгалах, худалдан борлуулах, хяналт тавих гэрээ” байгуулан ажиллаж байна. Арилжааны банкны зээлийн хорооноос 10 аж ахуйн нэгжид 41.4 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэрийг гаргасан.

-Хөтөлбөрийн хүрээнд борлуулах мах ямар үнэтэй байх вэ?

-Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээний хүрээнд үхрийн махыг 5600 , хонины махыг 5400, ямааны махыг 4400 төгрөгөөр борлуулна.

Б.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)