“Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийг ашиглалтад оруулна
- 2018-03-16
- Нийгэм
- 0
Санхүүжилтгүйн улмаас ажил нь зогсоод байсан “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн барилга, угсралтын ажлыг дуусгана гэдгээ салбарын сайд мэдэгдлээ. Тодруулбал, БХБ-ын сайд Х.Баделхан өчигдөр "Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдаж, "Буянт-Ухаа 2" хороололд амьдарч буй иргэдтэй уулзах үеэр дээрх мэдээллийг өгсөн юм. Тус хорооллын дуусаагүй 18 барилга байгаа бөгөөд дөрвөн жилийн өмнө барилга угсралтын ажлыг эхлүүлсэн ч 2016 оны тавдугаар сард санхүүжилтгүйн улмаас зогссон байдаг. Харин салбарын сайд барилгын ажлыг цааш үргэлжлүүлэн дуусгахыг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн юм. Хэрвээ уг барилгыг ашиглалтад оруулбал 972 айл түрээсийн орон сууцанд хамрагдах нөхцөл бүрдэнэ. Барилга, хот байгуулалтын сайдын зүгээс түрээсийн орон сууц хөтөлбөрийг тасралтгүй үргэлжлүүлэхэд холбогдох хөрөнгийн эх үүсвэр, судалгааны ажлыг шат дараатай хэрэгжүүлж, удахгүй үр дүнг нь эргэж танилцуулахаа мэдэгдлээ. Дашрамд дурдахад, ТОСК-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүйн танилцуулснаар улсын хэмжээнд нийт 1512 айл өрх энэхүү хөтөлбөрт хамрагдаад байгаа аж.
М.Өнөрөө

Сэтгэгдэл (0)