Өвөл, хаврын морин уралдааныг бүрмөсөн хориглоно

 Эхний ээлжид наадам хүртэл, цаашлаад өвөл, хаварт морины уралдаан зохион явуулахыг хориглоно гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ. Тодруулбал, тэрбээр энэ сарын 18-нд болсон “Дүнжингарав” уралдаантай холбоотойгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Дагвадорж нартай өчигдөр уулзсан юм. Ингэхдээ ММСУХ-ноос зохион явуулсан хурдан морины уралдааны талаар бодит мэдээлэл цуглуулж, унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн Засгийн газрын тогтоолыг зөрчсөн эсэх талаар дүгнэлтийг гаргах зорилгоор тэдэнтэй уулзжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр /уржигдар/ Шадар сайд Ө.Энхтүвшинд “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоолыг зөрчсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг үүрэг болгосон. Үүний дагуу Шадар сайд талуудын мэдээллийг сонсоод “Хүүхдийн эрүүл, аюулгүй байдал хамгийн чухал. ММСУХ Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр, хуваарь гараагүй үед дур мэдэн бүсийн уралдаан явуулахдаа Засгийн газрын тогтоолыг зөрчин унаач хүүхдийн эрхэд шууд халдаж, алдаа дутагдалтай зохион байгуулсан нь тодорхой болж байна. Үндэсний их баяр наадам хүртэл хурдан морины аливаа уралдааныг хориглох, цаашлаад өвөл, хаврын морин уралдаан явуулдгийг бүрмөсөн хориглох шийдвэр боловсруулж Засгийн газрын хуралдаанд өргөн барих бодолтой байна” гэж мэдэгдлээ.

М.ӨЛЗИЙ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • eej (103.26.192.106)

    2018-03-21

    horigloh ni zuitei