Нас баралтын тэргүүлэх шалтгааны нэгэнд сүрьеэ өвчин багтаж байна
- 2018-03-26
- Эрүүл мэнд
- 0

Жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд Сүрьеэтэй тэмцэх өдрийг “Манлайлагчдыг хайж байна. Та ч байж болно. Түүхийг бүтээ” уриан дор нэгдсэн байна. Өнгөрсөн онд ДЭМБ дэлхийн сүрьеэгийн байдлын тайланг гаргасан. Энэ тайлангаар 2016 онд 10.4 сая хүн сүрьеэгээр өвчилсөн байна. Эдгээрийн 90 хувь нь насанд хүрэгчдийн дунд, 65 хувь нь эрэгтэй, 10 хувь нь ХДХВ-ийн хавсарсан халдвартай байжээ. Сүрьеэ нь дэлхийн хэмжээнд нас баралтын тэргүүлэх 10 шалтгаанд орж байгаа. Нийт нас баралтын 95 хувь нь бага болон дунд орлоготой улс орнуудад бүртгэгдэж байна. Ийм учраас сүрьеэ нь дэлхийн дахинаа нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал гэж үздэг.
УЛААНБААТАР ХОТОД СҮРЬЕЭ ӨВЧНИЙ 2211 ТОХИОЛДЛЫГ БҮРТГЭЖЭЭ
ХӨСҮТ-ийн дэд захирал Б.Цацралт-Од "Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэгийн үүсгэгчийг нээн илрүүлснээс хойш 30 гаруй жил өнгөрсөн ч уг өвчин эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. 2015-2017 онд Сүрьеэгийн эмэнд тэсвэрлэлтийн судалгааг хийсэн. Энэ судалгаагаар өвчлөгсдийн дунд 16.5 хувь нь эмэнд тэсвэржилттэй гарсан. Энэ бол сүрьеэгийн халдвар бидний дунд өндөр байгааг харуулж байна. Өнөөдөр улсын хэмжээнд ХӨСҮТ 200 ортойгоор сүрьеэгээр өвчлөгсдийг хүлээн авч байна. Үүнээс өнгөрсөн оны байдлаар 1981 хүн хэвтэж эмчлүүлсэн бөгөөд 611-д нь сүрьеэгийн чиглэлээр хагалгаа хийсэн байдаг. Манай орны хувьд 2017 онд сүрьеэ өвчний 3779 шинэ тохиолдол бүртгэсний 2211 нь Улаанбаатар хотод, 1518 нь аймаг орон нутагт, 50 нь хорих байгууллагад бүртгэгдсэн. Энэ нь нийт халдварт өвчний 8.5 хувийг эзэлж байгаа ба өнгөрсөн оны мөн үеэс 266 тохиолдлоор буурсан байна" гэв.
ХӨСҮТ-ИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ТАЛААРХ МЭДЛЭГЭЭРЭЭ ӨРСӨЛДӨВ
Өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд Эрүүл мэндийн сайдын А306 тушаалаар Сүрьеэгийн тусламж үйлчилгээний шинэчилсэн зааврыг баталсан. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт ХӨСҮТ- ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний тасгаас нийт эмч, ажилчдынхаа дунд уралдаант АХА тэмцээнийг зохион байгууллаа. Нийт 30 тасгийн 60 гаруй эмч, ажилтан оролцсон АХА тэмцээний нэгдүгээр байрт ХӨСҮТ-ийн Гэдэсний халдварын тасгийн бага эмч Ариунжаргал орсон бол ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны эмч Энхтамир хоёрдугаар байрт орж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан юм.
СҮРЬЕЭГЭЭР ӨВЧИЛСӨН БОЛОН ЭДГЭСЭН ХҮМҮҮСИЙН ГЭР БҮЛИЙНХЭНД УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн тасагт олон улсад хэрэгжүүлж буй Stream буюу олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний эмчилгээний хугацааг богиносгох төслийг хэрэгжүүлдэг бөгөөд судалгаанд оролцогч болон ар гэрийнхэнд нь нэгдүгээр шатны үр дүнг танилцуулах өдөрлөгийг энэ сарын 23- ны өдөр ХӨСҮТ-ийн хурлын танхимд зохион байгууллаа. Монгол Улсын хувьд 2014 онд анх энэ судалгаанд хамрагдаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт дөрвөн улсын 424 өвчтөн энэ судалгаанд хамрагдсан байна. Санамсаргүй хуваарилалттай эмнэл зүйн туршилтын аргаар хийдэг тус судалгаанд манай улсаас 31 өвчтнийг хамруулж, урт болон богино хугацааны эмчилгээг хийжээ. Stream судалгааны удирдагч, анагаах ухааны доктор Ц.Базаррагчаа “ДЭМБ-аас 2010 онд олон эмэнд тэсвэртэй сүрьеэг дор хаяж 20 сар эмчилнэ хэмээх зөвлөмж гарсны дагуу эмчилгээ хийдэг байсан. Харин богино хугацааны эмчилгээны хувьд 9-11 сар эм хэрэглэж, 4-6 сар тарилга хийх эмчилгээний горим юм. Энэ хоёр эмчилгээг хооронд нь харьцуулахад урт хугацааны эмийг хэрэглэхэд 80 хувьтай эдгэрсэн бол богино хугацааны эмчилгээ нь 78 хувьтай гарсан. Энэ бол маш сайн үзүүлэлт бөгөөд богино хугацааны эмчилгээ нь “Нааштай” хэмээх үр дүнтэй гарсанд бид их баяртай байгаа. Монгол оронд жилдээ шинээр сүрьеэгийн 4000 гаруй тохиолдол бүртгэж байна. Сүрьеэ өвчнийг эмчлэхийн тулд олон эм уух шаардлагатай. Үндсэн хоёр эмэнд тэсвэртэй сүрьеэг олон эмэнд тэсвэртэй сүрьеэ хэмээн нэрлэдэг. Манай улсад жилд 300 орчим олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний тохиолдол шинээр бүртгэгддэг. 2016 онд ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албанаас хийсэн судалгаагаар сүрьеэгийн халдвар бидний тооцоолж байснаас гурав дахин их байна гэсэн судалгаа гарсан” гэж танилцууллаа.
Б.НОМУУН

Сэтгэгдэл (0)