Зуун айлын барилгын материалын захыг гурван үе шаттай нүүлгэнэ
- 2018-03-27
- Нийгэм
- 4

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Зуун айлын барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэх ажлын явцтай танилцаж, нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар оруулахыг дэмжлээ. Зуун айлын барилгын материалын захыг нүүлгэх талаар Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга танилцууллаа. Нүүлгэх ажлыг гурван үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний ээлжид чулуу, будаг, төмөр, цонхны болон бусад химийн хортой үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох зорилгоор энэ төрлийн худалдаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийг нүүлгэх юм байна. Хоёрдугаар ээлжид явган болон автозамын нэвтрэх чадварыг сайжруулах, өргөтгөх, дахин төлөвлөлтийн дэд бүтцийг сайжруулж шинэчлэх төлөвлөгөө боловсруулах, эцэст нь шаардлага хангаагүй хуучны барилгыг буулгаж Ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах байдлаар ажиллах юм байна.
Зуун айл орчимд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй нийт 800 гаруй иргэн, аж ахуйн нэгж барилгын материалын худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Тухайлбал, мод, чулуу, мужааны цех, тавилгын үйлдвэр 403, барилгын худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулж байгаа лангуу, павильон 1309, гадуур худалдаа хийдэг 320 иргэн байдаг аж. Тэдний үйл ажиллагаанаас шалтгаалан Зуун айл орчмын хөрсний бохирдол “дунд” болон “их” зэргийн ангилалд хамаарч байгааг тогтоожээ. Тодруулбал, хүнд металлын шинжилгээгээр хар тугалгын агууламж 2010 онд 16.25 мг/ кг, 2015 онд 25.4 мг/кг байгаа нь нийслэлийн хэмжээний дундаж агууламжаас их аж. Мөн төвийн дулаанд холбогдоогүй 91 байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг танилцуулгадаа дурдлаа. Нийслэлд агаар болон хөрсийг их хэмжээгээр бохирдуулж байгаа газрын нэг нь Зуун айл дахь барилгын материалын зах. Иймд хотын төвөөс нүүлгэх байдлаар энэ асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй гэж үзэн дээрх ажлыг зохион байгуулж эхэлжээ. Мөн ажиллаж, амьдарч байгаа орчин, суурьшил, үйлдвэрлэл, үйлчилгээний хэсгээ зааг ялгаатай болгож, хөгжил дэвшлийн дараагийн шатанд орох зорилгоор ийм шийдэлд хүрсэн байна. Дашрамд дурдахад, нийслэлийн ИТХ-ын ээлжит бус III хуралдааныг энэ сарын 30 өдрийн 10.00 цагт хуралдуулахаар тогтов.
С.АЗ

Сэтгэгдэл (4)
Зочин (66.181.161.32)
Хэдэн хүний эрх ашгийн төлөө биш нийт хүний эрх ашиг, эрүүл мэндийн төлөө яаралтай нүүлгэх хэрэгтэй.Монголчуудаас гадна Хятад наймаачид их нүүлгэ
(119.40.99.2)
Газрын хөрснөөс арчаад өгөөч ээ.
(64.119.27.94)
ЯРИАД БХ ЮМ ДУЛААН ОРЛОО ЯАРАЛТАЙ НҮҮЛГЭЭЧ ҮНЭХЭЭРИЙН ТАМ
ЭРКА (202.179.27.153)
ЗУУН АЙЛЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ДЭЛГҮҮР ГЭЖ АРИА ДЭНДҮҮ ЗАМБАРААГҮЙ ГАЗАР БОХИРТОЙ БОЛ ЯРИАД Ч ХЭРЭГГҮЙ.ЯАРАЛТАЙ ТӨЛӨВЛӨЛТ ХИЙЖ НҮҮЛГЭХ ХЭРЭГТЭЙ. ХЭДЭН ХҮНИЙ ЭРХ АШГААС ИЛҮҮ ХЭДЭН МЯНГАН АРД ИРГЭДИЙН ЭРХ АШИГ ИЛҮҮ.ГАНДАНГЫН ДЭНЖИЙН АЙЛУУД БАС БАЙНА ӨӨРСДИЙГӨӨ Ч БОДСОН ҮР ХҮҮХДЭЭЧ БОДСОН БАС ДАРИУ ТӨЛӨВЛӨЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ГАЗАР БАЙНА.