У.Хүрэлсүх: Засгийн газар эдийн засагч, судлаачдынхаа саналыг хүлээж авна

Эдийн засгийн бодлогын зөвлөлийн 2018 оны анхны хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааныг зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэв. Тэрбээр “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталснаас хойш 1.5 жил, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг баталснаас хойш 16 сар болж байна. Энэ хугацаанд дээрх хөтөлбөрүүдэд тусгасан зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар хүчин чармайлт гаргасны дүнд зарим нааштай, эерэг үр дүн гарч эдийн засаг тогтворжиж байна” гэж тэмдэглэв. Түүнчлэн “Өнгөрсөн 25 жилийн хугацаанд 480 гаруй бодлого, хөтөлбөр, стратеги, мастер төлөвлөгөө, үндсэн чиглэл, үзэл баримтлал батлан гаргаснаас 162-ыг нь хүчин төгөлдөр мөрдөж байна. Эдгээрийн харилцан уялдаа сул, санхүү, эдийн засгийн үндэслэл, тооцоо муу, үр өгөөжийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тогтолцоо тодорхой бусаас үр дүнд хүрч чадаагүй нийтлэг дутагдал байна.

Тиймээс эдийн засгаа уналтаас гаргаж тогтворжуулах, улмаар өсгөхийн төлөө Засгийн газар эдийн засагч, эрдэмтэн, судлаачдынхаа үнэтэй зөвлөгөө, саналыг хүлээн авах болно” гэв. Энэ үеэр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар зөвлөлийн гишүүдэд танилцуулав. Хөгжлийн бодлогыг боловсруулахдаа дэлхий нийтийн хөгжлийн хандлага болон хөрш орнуудын эдийн засгийн нөхцөлд дүн шинжилгээ хийж, хөгжлийн боломж, сорилтыг олон улсын стандарт индексүүдэд тулгуурласан байна. Бодлогод тусгасан төсөл, аргахэмжээг хэрэгжүүлэх төсөв, эх үүсвэрийг нь ч хамт шийджээ. Засгийн газар бизнесийн орчныг ээлтэй болгох, бааз суурийг нь өргөтгөх, хөрөнгө оруулалтыг дэмжих, ажлын байр бий болгох, зорилгоор татварын багц хуулийг шинэчлэн найруулна. Үүний хүрээнд шударгаар бизнес эрхлэгч, татвараа сайн төлөгчдийг дэмжиж татварын зардлыг нь бууруулах юм. Харин татвараас зайлсхийдэг, шударга бусаар өрсөлдөж байгаатай нь хатуу тэмцэх аж. Хуулийг баталснаар Засгийн газар татвар нэмэхгүй гэдэг амлалтаа биелүүлж, зарим нэр төрлийн татварыг бууруулахаар хуулийн төсөлд тусгасан байна.

М.ЭНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)