Б.Ууганбаяр: Газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж эрс нэмэгдсэн
- 2018-03-29
- Нийгэм
- 1

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.УУГАНБАЯРААС дараах зүйлийг тодрууллаа.
-Өнөөдөр орон даяар гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулна. Үүнтэй холбогдуулж иргэдэд ямар заавар зөвлөмж өгөх вэ?
-Монгол Улсад газар хөдлөлтийн тоо, давтамж 10 жилийн өмнөхтэй өнөөдрийг харьцуулахад 2-3 дахин нэмэгдсэн. Тухайлбал, өнгөрсөн жил манай улсад 36 мянган удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бол 2016 онд 38 мянгыг бүртгэсэн. Он гарснаас хойш хүнд мэдрэгдэхүйц хүчтэй газар хөдлөлт 13 удаа болсон. Тиймээс газар хөдлөлт, гамшиг тохиолдоход иргэдийг бэлэн байлгахын тулд сургалт зохион байгуулж байна. Бид Улаанбаатар хотын хэмжээнд нийт 110 аюулгүйн цэг, талбай төлөвлөгөөнд тусгаж, тодорхойлсон. Энэ удаагийн сургуулилтаар тус талбай, цэгт цугларах юм. Бодит байдалд газар хөдлөлт, гамшиг тохиолдоход тодорхой арга тактикийг олон улсад зааж өгсөн байдаг. Үүнийг хэрэгжүүлж, суралцахын тулд сургалт зохион байгуулж байгаа юм.
-Шар усны үерийн улмаас зам эвдрэх тохиолдол их гарч байна. Одоогоор хэдэн газар зам эвдрээд байна вэ?
-Хаврын улирал эхэлж агаарын хэм нэмэгдэхийн хэрээр өвөл хөрлөсөн цас хайлан зарим газарт шар усны үер бууж, замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, айлуудын гэр усанд автсан тохиолдол гарлаа. Тухайлбал, Дархан-Эрдэнэт, Сэлэнгэ явах зам, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг, Бэлхээс Сэлх явах замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болсон. Иймд иргэдийг хаврын шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулъя.
Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл (1)
(122.201.21.8)
АВИЛГАЛИЙН ТОМ ХЭРГҮҮД ИЛРЭХ ГЭЭД ИРЭХЛЭЭР ГАЗАР ЧИЧРЭЭД БНА ГЭЭД Л ЯРЬЖ ЭХЛЭНЭ.