Шүлхий гарсан голомт болон сэжигтэй бүсэд хорио цээрийн дэглэм тогтоожээ

Сонгинохайрхан дүүргийн XXXII хорооны нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Тодруулбал, өнгөрсөн сарын 27-ны өдөр тус хорооны иргэн Т.Төмөрбатын үхрээс шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн тул нийслэлийн Мал эмнэлгийн газраас дээж авч шинжилгээ хийснээр, шүлхий мөн болохыг тогтоожээ.

Голомтын бүсэд нийслэлийн Мал эмнэлгийн газар, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн болон хорооны цагдаа нарын бүрэлдэхүүнтэй хяналтын пост ажиллаж байна. Тухайн нөхцөл байдлын талаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах XXVI ангийн захирагч, дэд хурандаа Ц.Өнөрбатаас тодрууллаа.

Тэрбээр “Урьдчилсан болон давтан шинжилгээ хийж шүлхий гэдгийг нь тогтоосны үндсэнд таван үхрийг устгасан. Эдгээр малыг вакцинд хамруулаагүй байсан. Голомтын бүсийн эргэн тойронд малтай айл өрх байгаа учраас сэжигтэй бүсийг хамруулж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Одоогоор ариутгал халдваргүйтэл хийж байна. Голомтын бүсэд гурван өрхийн есөн хүн, сэжигтэй бүсэд 41 өрх бий. Автомашин, хүн өөрсдөө нян тээвэрлэгч болдог учраас алийг нь ч голомтын бүсээс гаргах боломжгүй. Харин нэн шаардлагатай тохиолдолд сэжигтэй бүсээс хүн гаргаж болно. Голомтын бүсэд нэг автомашин, хоёр ариутгагч, хоёр эмч ажиллаж байна. Тэд нарт болон голомттой, сэжигтэй бүсэд байгаа айл өрхөд хоол хүнс, хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг долоо хоног тутамд хүргэж өгнө” гэв. Улаанбаатар хотын есөн дүүргээс хамгийн олон малтай айл өрх оршин суудаг нь Сонгинохайрхан. Тодруулбал, тус дүүргийн XXXII хорооны оршин суугчдаас 198 өрх 7667 малтайгаас 3511 нь үхэр аж. Малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэн малын эзэн Т.Төмөрбатынх 37 үхэртэй юм байна. Малд нь сэжиг бүхий шинж тэмдэг илэрч эхлэнгүүт дүүргийнхээ “Буян хөх” мал эмнэлэгт дуудлага өгч, үхрээ шинжилгээнд хамруулжээ.

НИЙСЛЭЛ ДЭХ МАЛЫГ ИРЭХ САРЫН 1-НЭЭС ВАКЦИНД ХАМРУУЛНА

Вакцинд хамруулаагүй малаас гоц халдварт шүлхий өвчин илэрсэн учир нийслэлийн нутаг дэвсгэр дэх малыг хэзээ вакцинд хамруулах талаар нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга М.Адилбишээс тодруулсан юм. Тэрбээр “ОХУ-аас энэ сарын дундуур вакцин авна. Тиймээс шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг нийслэлд ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна. Уг вакцинжуулалтад нийслэлийн есөн дүүргийн шүлхий өвчинд мэдрэмтгий мал, амьтныг хамруулна” гэлээ. Малын гоц халдварт шүлхий өвчин сүүлийн үед суурьшлын бүсэд гарах болсон. Тухайлбал, 2001 онд Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, 2006 онд Хан-Уул дүүрэгт, өнгөрсөн онд Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт шүлхий гарч, хорио цээрийн дэглэм тогтоохын зэрэгцээ нийт 619 толгой мал, амьтныг устгалд оруулж байжээ. Суурьшлын бүсэд малын гоц халдварт өвчин гарах нь голомттой болон сэжигтэй бүсэд багтсан айл өрхийн иргэдэд хүндрэлтэй байдаг аж. Хуульд заасны дагуу голомттой бүсэд 28 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоож, эрсдэлтэй зарим тохиолдолд сэжигтэй бүсийг ч хамруулдаг байна. Ингэснээр хөл хорио тогтоосон бүс дэх иргэдийн ажил цалгардах зэрэг хүндрэлтэй асуудал гардаг учраас малтай айл өрхийг суурьшлын бүсээс нүүлгэх ажлыг зохион байгуулж эхэлжээ. Тодруулбал, суурьшлын бүсээс малтай иргэдийг гаргах ажлын хэсгийнхэн нийслэл дэх 16 мянга орчим малаас одоогоор гурван мянга орчмыг нь гаргажээ.

ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН БОДИСЫГ АРИУТГАЛД АШИГЛАДАГ

Шүлхий гарч буйтай холбогдуулан пост ажиллуулж, орон нутгаас нийслэлийн нутаг дэвсгэрт нэвтэрч байгаа, дамжин өнгөрсөн бүх тээврийн хэрэгслийг ариутгал халдваргүйтэлд хамруулж байна. Гэхдээ үүнд олон нийт нэлээд шүүмжлэлтэй хандаж, бүрэн халдваргүйжүүлж чаддаг, мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа эсэхэд эргэлзэж буй юм. Иймд энэ талаар холбогдох албаны хүнээс тодруулахад “Стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Мал эмнэлгийн газраас малын их эмч 20, дүүргүүдийн хувийн хэвшлийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс малын их эмч, мэргэжилтэн нийт 60 гаруй хүн ажиллаж байна. Олон улсад туршиж хүлээн зөвшөөрсөн бодисыг ариутгал халдваргүйтэлд ашиглаж, өвчний нянг идэвхгүйжүүлдэг. Ялангуяа хүйтэн сэрүүний улиралд нянгийн идэвхжлийг бууруулдаг лимоны хүчлийг ашиглаж байгаа” гэсэн юм.

... Одоогоор ариутгал халдваргүйтэл хийж байна. Голомтын бүсэд гурван өрхийн есөн хүн, сэжигтэй бүсэд 41 өрх бий. Автомашин, хүн өөрсдөө нян тээвэрлэгч болдог учраас алийг нь ч голомтын бүсээс гаргах боломжгүй. Харин нэн шаардлагатай тохиолдолд сэжигтэй бүсээс хүн гаргаж болно..

НАЙМАН АЙМГИЙН 23 СУМАНД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Он гарснаас хойш улсын хэмжээнд 12 аймгийн 39 суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Тодруулбал, Дорноговь аймгийн долоо, Дундговь аймгийн найм, Булган аймгийн зургаа, Төв аймгийн гурав, Өмнөговь аймгийн хоёр, Сүхбаатар аймгийн гурав, Говьсүмбэр, Орхон, Дорнод, Хэнтий аймгийн тус бүр нэг, Архангай, Өвөрхангай аймгийн тус бүр хоёр суманд шүлхий гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байв. Үүнээс өнөөдрийн байдлаар найман аймгийн 23 суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Иймд өнгөрсөн сарын 5-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн Баруунтуруу, Шар хөтөл дэх Мал эмнэлгийн хяналтын цэг, Чингэлтэй дүүргийн Гүнт, Налайх дүүргийн IV зөрлөг, Тэрэлжийн уулзвар, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр дэх Мал эмнэлгийн хяналтын цэг, Багахангай дүүрэг, Хан–Уул дүүргийн Өлзийт, Тавантолгой гүүрний товчоо зэрэг газарт ариутгал, халдваргүйтгэлийн цэгийг 24 цагаар ажиллуулж, нийт 58448 автомашинд ариутгал, халдваргүйтэл хийжээ.

С.ЮМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)