Я.Ариунболд: АНУ руу ажиллах хүч гаргахад хувийн хэвшлийг оролцуулахаас аргагүй

АНУ-ын Н2 визний мэдүүлэг хүлээж авах эрх өчигдөр нээгдсэнтэй холбогдуулан ГХЯ-ны Консулын газрын захирал Я.АРИУНБОЛДООС дараах асуултад хариулт авлаа.

-АНУ-д ажиллах хүч гаргах ажил ямар шатандаа явна вэ?

-АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 визний зөвшөөрлийг Монгол Улсад олгоод хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ сарын 1-нээс бүх чиглэлээр виз мэдүүлэх эрх нээгдлээ. Энэ хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар бид иргэддээ тал бүрийн мэдээлэл өгөх зорилготой ажиллаж байна. Юуны өмнө consul.mn вэб хуудаст “Хөдөлмөрлөх эрх” гэсэн тусгай цэс гаргаад АНУ-ын визтэй холбоотой бүх мэдээллийг түгээж буйг хэлье. Монгол Улсын хууль тогтоомжоор ХНХЯ-наас олгосон эрх бүхий хуулийн этгээд АНУ-ын ажил олгогчтой байгуулсан гэрээний үндсэн дээр иргэдийг бүртгэж, энэ хөтөлбөрт хамруулах ёстой. Энэ нь тухайн ажлын байранд өөр хүнийг ажиллуулахгүй, зөвхөн монгол хүн очиж ажиллах боломжийг бүрдүүлнэ гэсэн үг.

АНУ-ын талаас визний эрхээ нээсэнтэй холбоотойгоор өнөөдөр танай яаманд олон талт уулзалт болсон. Уг хурлаар ямар асуудал хэлэлцэв?

-Өнөөдрийн /өчигдөр/ видео хуралд АНУ-ын Вашингтон дахь Элчин сайдын яам, ХНХЯ-ны төлөөлөл, Нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга тэргүүтэй хүмүүс болон манай яамны Улс болон Консулын газрынхан оролцож, дотоодын зохицуулалт буюу координацаа сайжруулах талаар ярилцлаа. Үүнд нэлээд олон асуудал багтдаг л даа. Жишээлбэл, зуучлах тусгай эрх авч буй хүн болон байгууллагад ямар эрх үүрэг ногдуулах вэ гэдэгт төвлөрч ярилцлаа. Эхний ээлжид тэдний үйл ажиллагаа иргэдэд нээлттэй байж, иргэдээс илүү төлбөр хураамж авах ёсгүй. Дээрээс нь ажиллах хүчээр гаргаж буй хүмүүсийн эрүүл мэндэд анхаарах, тухайн иргэнийг ямар цалин хангамж, нөхцөлтэй ажилд явуулж байгаагаа мэдээлэх ёстой. Түүнчлэн АНУ руу ажиллах хүч гаргах хөтөлбөрт манай улс хамрагдсанаар I797С гэсэн анкет ирүүлдэг. Тэгэхээр бид энэ анкетыг бодитой бөглөсөн эсэхийг шалгадаг механизм бүрдүүлэх хэрэгтэй байна. Монголын зуучлагч эрх бүхий этгээд үнэхээр АНУ-ын талтай гэрээтэй эсэхийг Монголын талаас төдийгүй АНУ дахь ЭСЯ- аар дамжуулаад шалгадаг байхаар ажиллаж байна. Энэ мэт олон шат дамжлагатай. Ингэснээр иргэдийг хохироохгүй байх талд анхаарч байна. АНУ-ын талтай зөвшилцөөд шалгарсан зуучлагчдад зөвшөөрөл олгохоос авахуулаад ажиллах орчин, тавигдах шаардлагыг нэгдсэн цогц байдлаар бэлдсэн байх нь чухал. Ингэхгүй бол иргэдээс илүү хураамж авах гэх мэт асуудал үүсэхгүй гэх баталгаагүй. Хэрвээ ингэж илүү хураамж авсан бол хариуцлага тооцохоос гадна АНУ-аас манай улсын зуучлагч компанид тусгай эрх олгосон газартай төр засгийнх нь зүгээс хариуцлага тооцдог л доо. Тиймээс бид энэ асуудлыг хяналтдаа байлгах ёстой байдаг. Холбогдох газруудтайгаа нэгдсэн ойлголттой байх үүднээс шат дараатай уулзалтыг зохион байгуулж байгаагийн нэг нь гэж ойлгож болно.

-АНУ-ын ажиллах хүчний визэнд хамрагдахын тулд хэчнээн төгрөгийн төлбөр хураамж төлөх вэ. Үүнд тодорхой хариулт өгөх боломж бий юү?

-Зарчмын хувьд визний хураамжаас өөр төлбөр авах ёсгүй. Ялангуяа бүртгэж аваад компьютерт нэрийг нь бичиж авахад төдийлөн их зардал гарахгүй шүү дээ. Тийм ч учраас иргэдэд зардал чирэгдэл учруулж болохгүй гэдэгт Америкийн талаас ихээхэн анхаарал хандуулдаг. Нөхцөл шаардлагаа хангаад ажиллах хүчээр сонгогдсоноор виз нь гарсан хүний зардлыг тухайн ажил олгогч хариуцаж авч явдаг практик, журам бий. АНУ руу ажиллах хүчээр явахаар болсон хүнд тийм их хэмжээний зардал гарах ёсгүй гэдгийг хэлмээр байна. Иргэдэд хандаж хэлэхэд, АНУ руу ажиллах хүч гаргах тусгай эрх авсан болон АНУ-ын ажил олгогч талтай гэрээ байгуулсан компани одоогоор байхгүй учраас энэ төрлийн мэдээлэлд хууртаж, залилуулахаас болгоомжлоорой. АНУ-ын зүгээс дэлхийн 80 гаруй улсад зөвшөөрөл олгосон учраас энэ зах зээл нэлээд өрсөлдөөнтэй. Үүнээс бодитоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй компани байдаг. Сошиал болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болон далдаар өөрсдийгөө АНУ руу ажиллах хүч гаргах эрх бүхий газар гэж зарласан байгууллага мэр сэр байна. Үүнд манай иргэд өртөхвий гэдэг үүднээс давтан хэлэхэд одоогоор албан ёсны эрхээ авсан газар байхгүй.

-АНУ-ын ажил олгогчидтой албан ёсоор гэрээ байгуулсан хөдөлмөр зуучлалын компани байхгүй учраас иргэдийг хэзээнээс бүртгэж эхлэхийг хэлэх боломжгүй юм байна, тийм үү?

–АНУ-ын ажил олгогчидтой гэрээ байгуулаад тэндээсээ захиалга авсан тусгай зөвшөөрөлтэй компани одоогоор алга. Ийм эрх бүхий компани гарч ирэнгүүт бид албан ёсоор зарлаж мэдээлэл хүргэнэ. Хамгийн түрүүнд та бүхэн ХНХЯ-ны вэб хуудаснаас бодит мэдээлэл олж авах хэрэгтэй. Мөн манай яамны consul.mn-ээс албан ёсны мэдээллээ аваарай. Харин бүртгэл хэзээ эхлэх талаар хугацаа хэлэх боломжгүй. Түрүүн хэлсэнчлэн хөдөлмөр зуучлалын компаниуд болон иргэд хоорондын асуудал учраас бид хөндлөнгөөс хугацаа заах боломжгүй. Хугацааг тохиролцсоны үндсэн дээр нэг, эсвэл арван хүн явуулна гэх мэтээр гэрээ хийгээд эхэлбэл тухайн компаниудад ХНХЯ-наас зөвшөөрөл олгоно. Түүнийг нь бид олон нийтэд зарлах юм. Ингэх явцад ямар нэг хэлбэрээр хууль бус ажиллагаа гарах учиргүйг анхааруулмаар байна. Тухайлбал, бүртгэл явуулахдаа маш их дараалал үүсгэх, үүнээс үүдээд дарааллаа дамлах гэх мэт асуудал гаргаж болохгүй.

-АНУ руу ажиллах хүч гаргах асуудалд ГХЯ, ХНХЯ-ны зүгээс хөндлөнгийн хяналт хийж ажиллана ойлгож болох уу?

-Тэгэлгүй яахав, иргэдийг ямар нэг байдлаар залиланд өртөх, мөнгө төгрөгөө алдах эрсдэлээс сэргийлж бид бодит хяналт тавих болно. Албаны зүгээс бүх асуудлаа цэгцлэх үүднээс ярилцаж байх хооронд үйл ажиллагааны зөвшөөрөлгүй компаниудын зүгээс иргэдийг залилах, буруу ташаа мэдээлэл түгээх тохиолдол нэг бус удаа гарсан. Тийм учраас бид 2-3 удаа цагдаагийн байгууллагад хандаж, дээрх газруудыг хяналтад авахуулаад байна. “АНУ-д малчин авна” гэх зарлал хүртэл гарсан шүү дээ. Мөн “ЭСЯ-нд жолооч, тогооч ажилд авна” гэх мэтээр элдэв ташаа мэдээлэл их гарч байна.

-ХНХЯ-ны зүгээс “АНУ руу ажиллах хүч гаргах бүртгэлийг ХХҮЕГ /Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар/- аар дамжуулна гэдэг мэдээлэл өгсөн. Харин та бол хөдөлмөр зуучлалын компани байна гэлээ. Энэ тухайд хэрхэн ойлгох нь зөв юм бэ?

-Зөвхөн зохицуулах, зөвшөөрөл олгох, зөв голдрилд нь оруулах зэрэгт төрийн үүрэг оролцоо бий. Түүнээс цааш хувийн байгууллага буюу хөдөлмөр зуучлалын компаниуд болон иргэд хоорондын харилцааны асуудал үлдэж байгаа юм. Яагаад гэхээр АНУ-ын талаас ажил олгох газрууд бүгд хувийнх. Тэгэхээр хувийн байгууллагууд хоорондоо харилцаад явна. Харин үүний цаадах эрх зүйн зохицуулалт, эрх үүрэг, хураамж, ёс зүйн асуудал болон зөвлөмжийг төрийн байгууллага буюу ГХЯ, ХНХЯ-ны зүгээс өгөөд явах юм. Энэ хөтөлбөр хэдхэн сарынх биш шүү дээ. Тухайлбал, Н2 визэнд хамрагдсан иргэн хоёр удаа визээ сунгах боломжтой. Тэгэхээр гурван жил энэ хөтөлбөрт хамрагдаад АНУ-ын үнэлэмжийн дагуу цалин авах нөхцөлийг л бүрдүүлж өгөх юм. ХНХЯ-ны зүгээс АНУ-ын Элчин сайдтай уулзахдаа төрийн агентлагаар дамжуулан бүртгэл явуулах санал тавьсан юм билээ. Харин АНУ-ын тухайд монополь байдал үүсгэхийг зөвшөөрдөггүй. Тухайн улсын хувьд зах зээл нь илүү нээлттэй байдаг учраас хувийн хэвшил нь манай улстай харилцахдаа улсын байгууллагатай биш хувийнхтай л харилцаж таарах гээд байгаа юм. Энэ бол тухайн улсын хууль журам. Ойрын хугацаанд салбарын сайд нар АНУ-ын талтай уулзаж энэ талаар илүү тодорхой ярилцаж таарна.

-Тэгэхээр АНУ-ын хөдөлмөрийн визийг БНСУ руу ажиллах хүч гаргадаг журамтай адилтгаж ойлгож болохгүй байх нь?

-Эндээс бүртгэж аваад л очихоор нь нэг хүн тосож аваад ажилд нь оруулдаг гэх мэт ойлголт байгаад байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Ийм учраас АНУ руу ажиллах хүч гаргах ажилд төрийн агентлаг тэр чигээрээ оролцох боломжгүй. Харин аль нэг хэсэгт нь оролцож болох юм. Үлдсэн хэсгийг нь хувийн байгууллагуудаар дамжуулахаас аргагүй. Дээр дурдсанчлан төрийн агентлаг энэ ажлыг зуун хувь хариуцах хууль эрх зүйн орчин АНУ-д байхгүй.

-Манай улсын АНУ руу ажиллах хүч гаргах сонирхолтой хөдөлмөр зуучлалын компаниуд тухайн улстай шууд харилцаж тохиролцсоноор бүртгэлээ эхлүүлэх юм байна, тийм үү?

-Яг тийм. Зөвшөөрөл авсан АНУ- ын компаниудынх нь утас, хаяг, ажлын цагийн хуваарь, захирлынх нь нэр ус хүртэл жагсаалтаар гарсан байгаа. Эдгээртэй манай улсын талаас шууд харилцах ёстой юм.

-Одоогоор АНУ-ын талд хандсан газар байгаа болов уу?

-Бодвол хандаж л байгаа байх. Мэдээллээ ирүүлээгүйгээс харахад гэрээ байгуулж амжаагүй болов уу. Ер нь одоогоор ажил дөнгөж л эхэлж байна. АНУ-ын хувьд манай улсаас ажиллах хүч авах улсынхаа жагсаалтад л багтаасан. Энэ хөтөлбөр тус улсад бүхэл бүтэн 30 гаруй жил үргэлжилж байна. Визний эрх олгосон олон орны зүгээс хөдөлмөр зуучлалын өчнөөн компани хандаж байж таарна. Ажиллах хүчээ гаргах хүсэлтэй маш олон газраас тэд сонголтоо хийнэ. Зүйрлэж хэлбэл, АНУ-ын талд хандаж байгаа газруудыг зуун хувь гэж авч үзвэл манай улсаас ердөө 20-30 хувийг л авна. Тэгэхээр энэ ажилд цаг хугацаа нэлээд шаардлагатай.

М.Өнөржаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.9.42.28)

    2018-04-04

    манай энэ визд орсон хүн болгон харалж америк нэг удаал виз өх байх