Газар тариаланд технологи дутагдаж байна

Манай улсын газар тариалан нэг ургамал зөвхөн буудайг ургуулахад чиглэдэг. Энэ нь цаг агаарын тааламжтай үе буюу хур бороотой нөхцөлд хэрэгцээгээ хангах ургац хурааж нэгэн жилийг баяр хөөрөөр үддэг. Цаг уурын өөрчлөлтийн улмаас гангийн давтамж ойртож ургац багасах, алдах үе мэдрэгдэх болсны эсрэг юу хийх, ямар арга хэмжээ хэрэгжүүлэх, хэрхэн хамтарч ажиллах талаар дүгнэлт судалгаа хийж өргөн хэлэлцүүлэг өрнүүлөх шаардлага ч байж мэднэ. Манай улсын газар тариалангийн байдал ерөнхийдөө дараах төлөвөөс хамааралтай болжээ. Тариаланч миний амьдрал газар шороо гэсэн сэтгэлгээтэй нэгэн байхад ашиг орлого олж байвал бусад нь хамаагүй гэх бодолтой тариаланч бас бий болов.Тариалангийн гол бүсүүдэд малын тоо толгой хэтэрснээс хөрс дагширч бэлчээр тахлагдан малын идэш өвс бараг үгүй боллоо.Үр тарианы сүрлийг хэрчин цацдаг сайн арга хэрэгживч нэмж бордох,хөрсний органик бодисыг баяжуулах шаардлага зайлшгүй тулгарч байна. Ургац болон бүтээгдэхүүнд орох мэргэжилтний өгөөж ханш нэмэгдэхгүй байгаагийн дээр шинэ технологи, арга барил туршлага нэвтрүүлэх, газар тариалангийн шинжлэх ухааны үндсийг хангах ажил бүр мартагдахад хүрсэн байж болзошгүй. Буудайн аюулгүйн нөөцийг 30 хувьд хүргэх, хадгалах технологийн агуулахыг газар тариалангийн бүсүүдэд шинээр барих ажлыг одооноос эхлүүлэх шаардлага аяндаа тавигдах болно. Газар тариалангийн холбогдолтой хуулийн хэрэгжилтийг төрийн төв байгуулага хянаж тооцож байх шаардлага амьдралаас урган гарч байна. Аймаг, яамны зарим мэргэжилтэн бид зөвхөн бодлого л барина гэдгийг өөрчлөхгүйгээр газар тариалан хөгжихгүй л болов уу. Тариаланчдад зориулсан сургалтыг мэргэжил дээшлүүлэх хэлбэрээр шат шатанд хийж оюуны чадамжийг дээшлүүлэх нь газар тариаланг эрчимжүүлэх гарц болно байх. Газар тариалангийн гол бүсүүдэд малын тоог эрс багасгаж өндөр ашиг шим бүхий суурин,хагас суурин мал аж ахуй эрхлэхэд одооноос шилжиж эхлэхгүй бол нөхөгдөхгүй хохиролд учирч болзошгүй хэмжээнд хүрсэн. Мал, газар тариалангийн хүйн холбоо тэжээл. Үр тарианы үйлдвэрлэлийг түшиглүүлэн нэлээд хэдэн тэжээлийн үйлдвэр бий болговол тариалалтад нэн тустай.Тэжээлийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийг зориуд хийж жижиг дунд үйлдвэрлэлийн төсөлд хамруулж чадвал үр дүнтэй ажил болно. Газар тариаланд зориулсан бордооны үйлдвэрүүд бий болсон нь нэн сайшаалтай.Эдгээр бордооны үйлдвэрлэлийг хэрхэн дэмжиж тогтвортой байлгах вэ.Магад үр тарианы урамшуулалд олгодог мөнгийг бордоо хэлбэрээр өгвөл эзэн болсон хөрсөндөө бүрэн очих үндэслэлтэй. Бууцаар бордох зориулалтын чиргүүл машинтай болбол Сэлэнгэ аймагт нэг жилд 5-8 мянган га тариалангийн талбайг бордох хэмжээний мал талбайд ойрхон өвөлжиж байна. Хөрсийг органик бодисоор баяжуулахад боломжтой бүхий л арга хэмжээг одооноос авч эхлэх ёстой.

Атрын аяны хугацаанд усалгаатай тариаланд мэдэгдэхүйд өөрчлөлт гарсангүй. Усалгаатай тариаланд эрчимжсэн технологийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж байгаа. Юуны өмнө эрчимтэй сорт сонгох, бордоог хэсэгчлэн өгөх, хөрсөндөө тохирсон усалгааны горимтой болох зэрэг наад захын арга хэмжээг хэрэгжүүлүүштэй. Манай улсад атар газар эзэмших аян 1959,1976 онд өрнөж 1200.0 мянган га эргэлтийн талбайтай болсон.Энэхүү талбайгаас нэлээд нь атаршсан учир 2008 онд атрын аян болгон өрнүүлсэн байх. Энэ аян үр дүнгээ өгч байгаль эх хишгээ хайрласан. Одоогийн эзэмшиж байгаа талбайгаа нэмэх шаардлага манай улсад одоохондоо байхгүй болов уу. Иймээс газар тариалангийн технологийг мөрдөж эрчимжүүлэх шаардлага амьдралаас урган гарч байгаа юм. Эрчимжсэн технологи гэдэг нь үйлдвэрлэлийн технологийн арга хэмжээг ургамлын хөгжлийн үе шаттай нягт уялдуулан агробиологийн хяналт явуулж хөрс ургамлын оношлолд ургамлын хооллолтыг зохицуулах арга хэмжээ гэж тодотгож болох юм. Дээхнэ үед хөрс цаг уурын гоц тохироо бүрдсэн нөхцөлд 120.0 цн\га хүртэл ургацыг зарим талбайгаас хурааж байсныг эрчимжсэн технологи нэвтрүүлчихлээ гэж уг аргын нэр хүндийг унагаж хялбарчилж хэрхэвч давтаж болохгүй. Энэхүү технологийг нутагшуулахад ХААИС, ЭШБ онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж найддаг. Уг ажил олон жилийн зүтгэл, бүтээлийн үр дүнд бий болох оюуны чадамжийг сорьсон өрсөлдөөний том талбар байх болно. Цаг уур хур тунадасны урт хугацааны мэдээллийг тариаланчид авч чаддаг бол ургацыг тоймлон төлөвлөж зохицон ажиллах шинжлэх ухаан техникийн урьдчилсан нөхцөл бүрдсэн байгаа. Оюун ухаан, арга барилаараа хөрс шороо,дэлхий ертөнцтэйгөө цуг орших байгалийн хуулийн хүрээнд ГАЗАР ТАРИАЛАНГАА ЭРЧИМЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЖ хүн ардаа хүнс хоолоор бялхуулъя.

Г.УРТНАСАН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)