Хоёр тал худалдааны эргэлтээ 10 дахин нэмэгдүүлэх талаар санал солилцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Түүнийг энэ сарын 6-ны 08.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд нарын албаны хүмүүс угтав. БНТУ- ын Ерөнхий сайд Бинали Йылдырымийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авсан. Энэ үеэр хоёр орны төрийн дуулал эгшиглэж, зочид төлөөлөгчид Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Хоёр өдөр үргэлжилсэн албан ёсны айлчлалын эхний өдөр хоёр улсын Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, талуудын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн хөдөө аж ахуй, зам тээвэр зэрэг салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Хоёр улсын Ерөнхий сайд нарын хэлэлцээрийн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд гуравдагч хөрш хэмээн тусгасан Турк улстай хөгжүүлж буй иж бүрэн түншлэлийн харилцаанд ач холбогдол өгч, бүхий л салбарт өргөжүүлэхийн төлөө байдаг гэдгийг тэмдэглэсэн байна. Мөн хоёр улсын дээд, өндөр төвшний яриа хэлэлцээ, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан айлчлал, арга хэмжээ, ноён Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Хоёр орны харилцаа улс төр, батлан хамгаалах, соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарт хоёр талын хүчин чармайлтын үр дүнд идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлсэн байна. Түүнчлэн цаашид бүх салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Тухайлбал, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд Монгол, Туркийн хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн талаар хамтарсан судалгааг эхлүүлэхээр тохирсон нь ихээхэн ач холбогдолтой болсныг тэмдэглэжээ. Өнгөрсөн оны байдлаар 31 сая ам.доллар байгаа хоёр улсын худалдааны эргэлтийн хэмжээг богино хугацаанд 300 сая ам.долларт хүргэх тодорхой саналыг харилцан тавив. “БНТУ өнгөрсөн 15 жилийн хугацаанд эрүүл мэнд, зам, тээвэр, харилцаа холбооны салбараа үсрэнгүй хөгжүүлсэн.

Энэ чиглэлээр олсон ололт, туршлагаа Монгол Улстай хуваалцахад бэлэн байна” гэж Ерөнхий сайд Бинали Йылдырым хэлэв. БНТУ сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтрах, 700 гаруй мянган орон сууц барьсан Төрийн орон сууцны удирдлагын газар, Монгол Улсын холбогдох байгууллага хамтарч иргэдийг орон сууцжуулах чиглэлээр ажиллах боломжтой гэдгээ энэ үеэр илэрхийлсэн байна. БНТУ нь 2002 онд Олон улсын санхүүгийн хөтөлбөрт хамрагдаж байсан бөгөөд 2010 он гэхэд ОУВС-д төлөх өрөө бүрэн барагдуулсан. Тус улсын экспорт одоогоор 160 тэрбум ам.долларт хүрч, Европын зургаа дахь том эдийн засагтай орон болжээ. Албан ёсны хэлэлцээний дараа Ерөнхий сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Тухайлбал, хөдөө аж ахуй, зам тээврийн салбар, удирдлагын академи, онцгой байдал, гадаадын иргэн, харьяатын чиглэлээр БНТУ-ын чиг үүрэг нэг байгууллагуудтай хамтран ажиллахаар болов. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт ч хамтын ажиллалгаа эхэлж байна. Үргэлжлүүлэн БНТУ- ын Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав. Ерөнхийлөгч Х.Баттулга БНТУ-ын Ерөнхий сайдын Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлалд нь амжилт хүсээд, энэ удаагийн түүний айлчлал нь Монгол Улс болон БНТУ-ын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой болохыг онцлон дурдав. Тус улстай аялал жуулчлал, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой талаар уулзалтын үед хоёр тал санал нэгдэн ярилцаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгайлан Орхоны хөндийг аялал жуулчлалын зориулалтаар тохижуулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн энэ өдөр БНТУ- ын Ерөнхий сайд Бинали Йылдырым УИХ-ын дарга М.Энхболдод бараалхлаа.

... “БНТУ өнгөрсөн 15 жилийн хугацаанд эрүүл мэнд, зам, тээвэр, харилцаа холбооны салбараа үсрэнгүй хөгжүүлсэн. Энэ чиглэлээр олсон ололт, туршлагаа Монгол Улстай хуваалцахад бэлэн байна” гэж Ерөнхий сайд Бинали Йылдырым хэлэв. БНТУ сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтрах, 700 гаруй мянган орон сууц барьсан Төрийн орон сууцны удирдлагын газар, Монгол Улсын холбогдох байгууллага хамтарч иргэдийг орон сууцжуулах чиглэлээр ажиллах боломжтой гэдгээ энэ үеэр илэрхийлсэн байна...

УИХ-ын дарга М.Энхболд сарын өмнө БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Исмаил Кахраманы урилгаар БНТУ-д албан ёсны айлчлал хийснээ дурдаад, “Хоёр талын харилцааг хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа, хууль эрх зүйн таатай орчин чухал нөлөөтэй. Миний айлчлалын үеэр Парламент хооронд 2022 он хүртэл хамтран ажиллах стратеги төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Хоёр орны парламентын хамтын ажиллагааг БНТУ-ын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Р.Т.Эрдоан өндрөөр үнэлснийг тэмдэглэж хэлэхэд таатай байна” хэмээн онцоллоо. Уулзалтын үеэр Монгол дахь турк сургуулиудыг БНТУ-ын Үндэсний боловсролын яамны дэргэдэх “Маариф” санд шилжүүлэх тухай асуудлыг хөндөж ярилцсан бөгөөд УИХ-ын дарга М.Энхболд эдгээр сургуульд суралцаж буй монгол хүүхдүүдийн эрх ашгийг хөндөхгүй байх нь чухал болохыг онцлоод, хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. УИХ- ын дарга М.Энхболд “Хоёр улс боловсролын салбарын хамтын ажиллагаанд томоохон туршлага хуримтлуулсан. Монголын олон залуус Туркт боловсрол эзэмшиж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. Цаашид суралцагчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарал тавихыг хүсье” гэв. Түүнчлэн шууд нислэгийг нэмэгдүүлэх асуудлаар хоёр талын иргэний агаарын тээвэрлэгчид болон Иргэний нисэхийн байгууллага ойрын үед уулзаж, харилцан ашигтай байх шийдлийг олно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, “Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарыг либералчлах бодлого хэрэгжүүлэхээр судалгаа хийж байгаа” хэмээн тэмдэглэв. Уулзалтын үеэр ирэх онд тохиох, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үр дүнд хүргэсэн далайцтай амжилтаар угтах, урлаг соёлын томоохон арга хэмжээ зохион байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгтэй байгаагаа тэмдэглэв. БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырым айлчлалын хоёр дахь өдрөө Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншлийн 2000 гаруй жилд хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг илтгэх дурсгалуудыг агуулдаг Орхоны хөндийд очлоо. Тэрбээр Орхоны хөндийд байдаг Түрэгийн үеийн хөшөө дурсгалуудыг үзэж, сонирхов. Мөн Төв аймгийн Эрдэнэ суманд орших Түрэгийн хаант улсын гурван хааны зөвлөх байсан Мэргэн сайдад зориулан босгосон тахилын онгон бүхий дурсгалын хөшөөг үзэж сонирхжээ. Түүнчлэн Цонжинболдог дахь Чингис хааны морьт хөшөөнд саатав. Ийнхүү түүний албан ёсны айлчлал өчигдөр өндөрлөлөө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)