Улсын нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. Хуралдаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж болон холбогдох албан тушаалтнууд оролцов. Хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг , Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа. Улсын нисэхийн тухай хуулийг анх 2003 онд баталсан. Уг хуулиар улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх, улсын нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн бөгөөд цаг үеийн шаардлагаар хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Энэ удаагийн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах шинжээчийг томилох болон улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах комиссын дүрмийг батлах эрх бүхий субьектыг тодорхой болгохоор тусгажээ. Мөн улсын агаарын хөлгийг ашиглах гарын авлага, техник, технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглах эрх зүйн зохицуулалтыг бий болгох, улсын агаарын хөлгийн нислэгийн ангилалд сургууль, байлдааны, шалгалт, туршилтын нислэг болон Агаарын цэргийн командлалын хуулиар хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт тусгасныг С.Чинзориг сайд танилцуулгадаа онцлов.

Түүнчлэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улсын агаарын хөлгийн ашиглалтын үед осол, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, нислэгийн ангилал, төрөл тодорхой болох, Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын болон Агаарын цэргийн командлалын энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл, боломж, уялдаа холбоо сайжрах зэрэг эерэг үр дүн гарна гэж хууль санаачлагчид үзжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Гарамжав, Б.Баттөмөр нар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан юм. Ийнхүү Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

М.ЭНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)