Чихний "бөглөө" чиний амьдралыг сүйрүүлнэ

Аливаа зүйл сайн, муу хоёр талтай байдаг. Тухайлбал, техник технологийн хөгжил дэвшил ажлыг хөнгөвчлөх ч нөгөө талаараа хүний эрүүл мэнд төдийгүй амь насанд аюултайгаар нөлөөлж байна. Гэхдээ ямарваа нэгэн зүйлийн буруутнаар ямар нэгэн зүйл ялангуяа техник технологийг нэрлэх нь зохимжгүй. Учир нь, хүн л түүнийг удирдаж хэрэглээгээ тохируулдаг. Гэтэл сүүлийн үед залуучууд чихэндээ “бөглөөтэй” явах нь хэвийн үзэгдэл болов. Залуучуудын чихэн дэх бөөрөнхий бөглөө бол жижиг чанга яригч буюу чихэвч юм. Энэхүү төхөөрөмжийг анх 1910 онд зах зээлд нийлүүлснээс хойш өдгөө дэлхий дахинаа түгэн дэлгэрч, хүн бүрийн хэрэглээ болоод байна. Үүнийг ихэвчлэн залуучууд гудамж талбай, нийтийн тээвэр, номын сан, сургууль, ямар хөдөлмөр эрхэлж байгаагаас шалтгаалан ажлын байр, орон дотор, усанд орохдоо гээд ер нь хаана ч явсан хэрэглэдэг болсон. Хот гэлтгүй хөдөөгийн залуус ч малд явахдаа чихэвчний хөгжим сонсдог дүр зураг бий болжээ. Энэ хэрээрээ гэр бүл, найз нөхдийн амьд харилцаа алдагдах нь энүүхэнд. Чихэвчний хөгжим удаан хугацаанд чанга сонссоноос үүдэн насаараа сонсголгүй болохын сацуу амь насаа алдаж байсан жишээ цөөнгүй бий. Сэрэмжлүүлэх үүднээс зарим хэргийг эргэн сануулъя. “Тэнгис” кино театрын дэргэдэх барилга дээрээс арматур унаж 21 настай залуу амь насаа алдсан. МУБИС-ийн урд талд зам тээврийн осол болж нэгэн оюутан амь үрэгдсэн. Хоёр охин галт тэргэнд дайруулж газар дээрээ нас барсан зэрэг харамсалтай хэрэг удаа дараа гарч байлаа. Эдгээр осол чихэвчний хөгжимтэй холбоотой байсныг холбогдох албаныхан тухайн үед тогтоосон. Тодруулбал, галт тэргэнд дайруулсан хоёр охин чихэвчтэй, малгай давхарлаж өмссөн учраас дуут дохиог тэд сонсоогүй. “Тэнгис” кино театрын дэргэдэх барилгаас ямар нэгэн зүйл нурж байгааг харсан хүмүүс бүгдээрээ холдсон ч амь үрэгдсэн залуу мөн л чихэвчний хөгжим сонсч явснаас анхааруулж хэлснийг сонсч амжаагүй. Үнэхээр харамсалтай... Юугаар ч сольж үл болом залуу насаа чихэвчний хөгжмөөр солих нь юутай эмгэнэлтэй вэ. Чихэвчний хөгжим сонсч орчноос тусгаарлагдсанаас эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. Зарим залуус ийм эрсдэл дунд одоо ч алхаж явна. Нэгэн эрхэм “Чихэвч зүүн гудамж талбайд яваа залуус талд бэлчиж буй мал адил санагддаг юм” гэсэн нь өнөөдрийн дүр төрхөөс хол зөрөхгүй. Тэд автозам гарахдаа жолооч дуут дохио өгч байгааг сонсдоггүй, хэн нэгэн хойно урдаас нь дуудахыг ч анзаардаггүй. Энэ байдал нь бусдын эрхийг зөрчиж, төвөг учруулж буйг ч ойлгодоггүй. Зарим нь ойлгохыг ч хүсдэггүй бололтой. Хотын гудамжаар алхах таван залуу тутмын гурвынх нь нүд гөлийж, оюун санаа нь хаана явна гэмээр алхаж явааг чихэвч зүүгээгүй хэн нэгэн анзаардаг, харин тэд өөрсдөө үүнийгээ мэддэггүй.

ЧИХЭВЧЭЭ СОНСГОЛЫН АППАРАТААР СОЛИХГҮЙН ТУЛД ЯГ ОДОО ДУУГ НЬ СУЛТГААРАЙ

“Хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хэнд хамаатай юм” гэх байх зарим нь. Гэхдээ энэ талын мэдлэг мэдээлэл хомс байгаагаас хүүхэд, залуус эрүүл саруул эрхтнээ эрэмдэглэж, насаараа дүлий тодотгол зүүж амьдрах хандлага өнөөгийн нийгэмд давамгайлаад буй. Бидний ах, дүү, найз нөхдийн өдөр тутмын хэрэглээ болсон чихэвч сонсгол бууруулж улмаар дүлий болгох аюултайг эмч нар анхааруулаад ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Хэрэв, чихэвчний хөгжмийг удаан хугацаанд маш чанга сонссоноос болж сонсгол нь буурч, дотор чих нь гэмтсэн тохиолдолд дахин сэргээх ямар ч боломжгүй аж. Өөрөөр хэлбэл, хязгаарлаагүй хэрэглээнээсээ болж дүлий болох нь бас л эмгэнэлтэй. Тэгэхээр өдөр шөнө, өглөө оройг ялгахгүй чихээ бөөрийнхөө бөглөөгөөр таглаж явдаг хүмүүс нэг л мэдэхэд түүнийгээ сонсголын аппаратаар солих нь байна шүү. Тэгвэл юун хөгжим сонсох манатай болно. Тиймээс эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу тунг нь тааруулж чихэвчний хөгжим сонсох нь эрүүл мэнддээ оруулж буй томоохон хувь нэмэр. ДЭМБ-аас гаргасан баримтаар 85 децибелийн чангаар нэг цаг чихэвчний хөгжим сонсоход сонсголын эрхтэн гэмтдэг болохыг тогтоожээ. Мөн чихэвчний хөгжмөөс болж дэлхий дээр амьдарч буй 12-35 насны 1.1 тэрбум хүн сонсголгүй болох аюул нүүрлээд байгаа аж. Жишээлбэл, 1994 онд Америкийн өсвөр насныхны 3.5 хувь нь сонсголгүй болсон гэх судалгаа гарч байсан бол арав гаруй жилийн дотор энэ тоо таван хувь өсчээ. Харин манай улсын өсвөр насныхан өдөрт хамгийн багадаа зургаагаас дээш цаг чихэвчний хөгжим сонсдог бөгөөд зарим нь шөнө чихэвчтэйгээ унтдаг байна. Иймд хэрэглээгээ хязгаарлаагүйгээс болж хэзээ нэгэн цагт амаа барьж харамсахгүйн тулд одооноос чихээ хамгаалж чихэвчнийхээ дууг султгаарай.

СОНСГОЛОО ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ

• 60/60 дүрмийг баримтлах. Чихэвчний хөгжмийн дууны төвшнийг 60 хувиас хэтрүүлэхгүй, өдөрт 60 минут сонсох хэрэгтэй.

• Чихэвчний хөгжмийг шуугиан ихтэй газар сонсох хэрэггүй. Шуугианаас давж хөгжмөө сонсохын тулд дууг нь чангалснаар сонсох эрхтэнд гэмтэл учруулах эрсдэлтэй.

• Гэртээ хөгжмөө чихэвчгүйгээр сонсоорой.

• Сонсгол муудаж чих нь дүлийрээд ирэхээрээ хүн нийгэмтэй зөв харьцаж чадахгүй.

• Зам хөндлөн гарахдаа, гудамж талбай, олон нийтийн газар, барилга байгууламжийн хажуугаар чихэвчгүй явах хэрэгтэй. Автозамаар чихэвчтэй явж байгаад осолд орвол тухайн хүний буруу гэж Япон улс хуульдаа заажээ.

О.Байгалмаа: Чихэвчний хөгжмөөс болж сонсголгүй болбол эргэж сэргээх боломжгүй Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих хамар хоолойн тасгийн эмч О.БАЙГАЛМААТАЙ ярилцлаа.

-Сүүлийн үед залуус байнга чихэвчний хөгжим сонсох болсон. Энэ нь хүний чихэнд болон бусад эрхтэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Сүүлийн үед техник технологи эрчимтэй хөгжиж байгаа хэдий ч тэр нь эргээд хүнд сөргөөр нөлөөлөх болсон. Ялангуяа утсаар хөгжим сонсох нь сонсголын эрхтэнд маш муугаар нөлөөлдөг. Дийлэнхдээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутан залууст ийм зүйл элбэг тохиолдож байна. Тэд чихэвчний хөгжмийг маш чангаар, удаан хугацаанд сонссоноор сонсголын эрхтэн буюу дотор чихийг шууд гэмтээх нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн тархины цусан хангамж, тархины хөгжилд тодорхой хэмжээнд сөргөөр нөлөөлдөг.

-Чихэвчний хөгжим сонссоноос болж дотор чих гэмтсэн тохиолдолд эргээд сэргээх боломжтой юу?

-Дотор чихэн дэх соронзлог эсүүд дууны чимээнд найгаж байдаг. Тэр нь гэнэтийн болон удаан хугацааны давтамжтай чанга чимээнээс болж үхэжсэн тохиолдолд эргэж сэргээх боломжгүй. Залуучууд үүнийг мэддэггүй. Чихэвчийг чихний суваг руу ойрхон хийж удаан хугацаанд хөгжим сонсох нь аюултай. Уг нь дотор чих амархан гэмтдэггүй. Хамгаалах олон давхаргатай. Гэтэл залуучууд чихэвчний хөгжмийг хэвийн хэмжээнд бус хамгийн дээд төвшинд удаан хугацаанд чангаар сонссоор байгаад хамгаалах давхарга улмаар дотор чихээ гэмтээдэг.

-Удаан хугацаанд чихэвчний хөгжим сонсох нь мэдрэлд нөлөөлж, мэдрэлийн ядаргаанд оруулах уу. Зарим нь бүр чихэвчтэйгээ унтчихдаг тал бий?

-Чихэвчний хөгжим мэдрэлийг шууд гэмтээхгүй ч дотор чих мэдрэлтэй холбоотой байдаг. Ямар нэгэн мэдээлэл дотор чихээр дамжин тархи руу очдог. Дуу, чимээ гэдэг бол долгион. Тэрхүү долгион дотор чихээр дамжин тархи руу очиж хүчтэй доргиож байдаг учраас ядрах, толгой өвдөх шинж тэмдэг бага багаар илэрнэ. Удаан хугацаанд сонссоноор мэдрэлд нөлөөлж, мэдрэлийн ядаргаанд орох эрсдэлтэй. Ийм тохиолдол бий.

-Танай эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн дунд чихэвчний хөгжим сонссоноос болж сонсголгүй болсон тохиолдол бий юү?

-Ийм хүмүүс ханддаг. Ихэвчлэн залуучууд буюу 25-аас доош насныхны дунд ийм тохиолдол их гардаг. Тухайлбал, 17 настай нэгэн залуу надад хандаж байсан. Тэр өөрийгөө сонсголын бууралттайгаа мэдээгүй явсан. Чихэвчний болон автомашинынхаа хөгжмийг удаан хугацаанд чангаар сонсдог байсан юм билээ. Гэхдээ тэр залуугийн хувьд багийн сонсголын бууралттай байсан. Ийм тохиолдолд чихэвчний хөгжим сонсолын бууралтыг нь хурдасгахад нөлөөлсөн.

-Сонсгол буурч байгаагаа яаж мэдэх вэ?

-Ямар чимээг хэр зэрэг хугацаанд сонссоноос шалтгаалж харилцан адилгүй хугацаанд сонсголгүй болдог. Зарим хүний сонсгол гэнэт мууддаг бол заримынх нь бага багаар буурч улмаар нэг л өдөр дотор чих нь гэмтдэг. Хос эрхтний онцлог нь нэг нь муудсан тохиолдолд түүнийг нь мэдэхгүй удаан хугацаанд явдаг. Тиймээс жилд нэг удаа ч болов сонсголын бичлэг хийлгэх нь зүйтэй.

-Чихэвчний хөгжим удаан хугацаанд чанга сонсохоос гадна өөр ямар тохиолдолд дотор чих гэмтэх эрсдэлтэй вэ?

-Залуучууд том өсгөгчний хажууд зогсч бүжиглэх явдал ажиглагддаг. Энэ тохиолдолд дотор чих гэмтэх эрсдэлтэй. Мөн салют, бууны чимээ, онгоц хөөрөх, буух зэрэг нь дотор чихийг гэмтээх магадлал өндөр.

-Хэт чанга гэж хэр зэрэг хүчтэй дуу чимээг хэлж байна вэ?

-Бүх долгион тодорхой хэмжээний дууны хүчтэй байдаг. Дууны даралт ба сонсох мэдрэмж хоёрын хамаарлыг децибелээр илэрхийлдэг байна. Хүний сонсголын эрхтэн 16-20000 децибелийн давтамжтай дууг хүлээн авч ялган мэдрэх чадвартай байдаг. Бид хоёр ердийн буюу 40-60 децибелийн төвшинд ярьж байна. Гаднын буюу хотын чимээ шуугиан бол үүнээс чанга буюу эрсдэл бүлэгт багтдаг. Хэт чанга чимээ гэдэг нь 110-120 децибел байдаг. Ийм децибелтэй дуу чимээг хэдхэн секунд сонсоход хүртэл аюултай.

-Чихэвч зүүсэн залуусын юу сонсч байгаа нь бусдад сонсогддог. Энэ нь хэдэн децибелтэй сонсч байна гэсэн үг вэ?

-110-аас дээш децибелтэй сонсч байна гэсэн үг. Тиймээс ийм хэмжээний хүчтэй дуу чимээ удаан хугацаанд сонсвол сонсголын бууралттай болж улмаар дотор чихээ гэмтээж дүлий болох эрсдэлтэй.

-Чихэвчний хөгжмийг хэдий хэр хугацаанд дууны ямар төвшинд сонсвол эрсдэл багатай байх вэ?

-Чихэвчний хөгжмийг бага төвшинд буюу 40 болон түүнээс доош децибелд сонсдог хүн байж болно. Гэхдээ тэд нэг цагаас илүү сонсч болохгүй. Тухайлбал, үйлдвэрийн буюу 90 децибелтэй чимээнд найман цаг байх ёстой. Энэ бол хамгийн дээд хугацаа. Харин 110 децибелтэй чимээг 30 минутаас илүүгүй хугацаанд сонсч болох ч давтамж нь олон бол мөн л аюултай. Хүмүүс сонсголд нэг их ач холбогдол өгдөггүй. Бусад эрхтэнтэй ялгаагүй чухал. Учир нь, сонсголгүй хүмүүс өөрийгөө нийгмээс тусгаарлаж ганцаардмал болдог. Үүнээсээ болж амиа хорлосон тохиолдол гадаадад бий. Мөн ажлаа хэвийн хэмжээнд хийж чадахаа больж, хичээлээ ойлгодоггүй. Учир нь, сонсгол муутай хүний тархинд мэдээлэл дутуу очсоноор дутуу сэтгэн боддог. Сонсгол хэвийн байснаар тархины хөгжил сайн байна гэсэн үг.

С.ЮМСҮРЭН

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)