Иогийн ач холбогдлын талаар хийгдсэн сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс

Иогийн ач холбогдлын талаар сүүлийн үед олон тооны судалгаа, шинжилгээний ажлууд хийгдсэн байгаагийн заримыг танилцуулъя. Үүнд:

Цэвэршилтийн үед өндгөвчний үйл ажиллагааны хямралаас шалтгаалан олон төрлийн бие хийгээд сэтгэцийн эмгэг өөрчлөлтүүд бий болж, эмэгтэйчүүдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Энэ үед орчин үед даавар орлуулах эмчилгээг хийдэг бол иогийн асаны үзүүлэх нөлөөг БНЭУ-ын судлаач Г.Наяак, А.Каматх нар 2014 онд судалжээ. Тэд 46-55 насны 216 эмэгтэйг судалгаанд хамруулан иогоор хичээллүүлэхэд цэвэршилтийн үед илрэх гол шинж болох нүүр халуу оргих, шөнө хөлрөх зэрэг шинжүүд илэрхий буурч байсны зэрэгцээ тархины цусан хангамж, бодисын солилцоо сайжирч, симпатик мэдрэлийн үйл ажиллагаа идэвхжиж байв. Мөн булчингийн хүч, тэсвэр, уян хатан чанар нэмэгдэж, зүрх судас, амьсгалын үйл ажиллагаа сайжирч байжээ.

Иогийн дасгал нь үений хөдөлгөөний далайцыг сайжруулж, биеийн хүчийг нэмэгдүүлэхээс гадна тэнцвэрийг сайжруулж, цусан дахь өөх тосны түвшинг тэнцвэржүүлж, ясны нягтралыг дээшлүүлж байгааг Австралийн судлаач З.Хьютт, Б.Чийма нар 2015 онд хийсэн судалгаагаараа тогтоожээ.

Ж.Фельвер, Б.Бутзер нарын 2015 оны судалгааны үр дүнгээр Америкийн Массачусетисийн 47 ахлах сургуулийн 337 сурагчийг 7 хоногт 1 удаа иогийн сургалтанд хамруулахад хүүхдүүдийн зан төлөв сайжирч, уур уцаар, сэтгэл гутрал, ядаргаа зэрэг нь статистик магадлал бүхий буурч байв.

Хавдраар өвчилсөн хүмүүс сэтгэл санааны хямралд орох нь эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлдөг. Иймд Ираны судлаач С.Фарифтех, А.Мохаммад нар хавдартай хүмүүсийг химийн эмчилгээнд орохын өмнө иогийн дасгалаар хичээллүүлэхэд стрессийн түвшин илт буурч байгааг 2014 онд хийсэн судалгаагаараа тогтоожээ.

Ираны судлаач С.Нажафидоулатафад, З.Мохебби нар 2014 онд тархмал хатуурал өвчтэй 60 эмэгтэйг иогоор хичээллүүлсний үр дүнд тэдний биеийн идэвх сайжирч, бэлгийн дур хүсэл, таашаал сайжирсан байв.

Иогийн дасгал нь артерийн даралт ихсэх өвчтэй хүмүүсийн агшилтын ба сулралтын даралтыг аль алийг нь бууруулах нөлөөг үзүүлж байгааг 386 хүнийг хамруулсан 6 судалгааны үр дүнгээр  Ж.Ванг, В.Лиу нар 2013 онд тогтоожээ.

Л.Гордон, Д.МкГроудер нарын 2013 оны судалгаагаар бөөрний архаг өвчтэй хүмүүс өдөрт 30 минут иог, амьсгалын дасгал хийхэд бөөрний өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх нөлөөтэй байв.

Асрамжийн газар байдаг 120 настныг 3 сар иогоор тогтмол хичээллүүлэн цааш бие даан 6 сар хийсний дараа настнуудын амьдралын чанар, нойрны байдлыг үнэлэхэд амьдралын чанар, нойрны байдал эрс сайжирсан байгааг БНЭУ-ын судлаач В.Харипрасад, В.Сивакумар нар 2013 онд хийсэн судалгааны үр дүндээ танилцуулжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)