Дипломат паспорт олгох журмыг шинэчилнэ
- 2018-04-10
- Нийгэм
- 1

Дипломат паспорт олголтыг түр хугацаагаар зогсоожээ. Учир нь, энэ төрлийн паспорт олгох журмыг шинэчлэн боловсруулж байгаа аж. Тодруулбал, Гадаад харилцааны яамнаас Дипломат албан паспорт олгох, эзэмших, хадгалах тухай журмыг шинэчлэн боловсруулж байгаа бөгөөд энэ ажлыг дуустал онцгой шаардлагаас бусад тохиолдолд дипломат паспорт олгохгүй гэдгийг хэллээ. Журмыг шинэчилснээр дипломат паспорт олголтод тавих шаардлагыг чангаруулах юм. Ингэхдээ 2013 оны есдүгээр сарын 30-наас өмнө олгосон дипломат паспортыг энэ оны аравдугаар сарын 1-нээс хүчингүйд тооцохоор болжээ. Монгол Улс өдгөө 31 улстай дипломат паспортоор визгүй зорчих хэлэлцээр байгуулсан бол нэмж 10 улсыг дээрх ангилалд оруулахаар талуудтай зөвшилцөж байгаа юм байна. Засгийн газрын 2013 оны 320 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын үндэсний гадаад паспорт, олгох, эзэмших, хадгалах тухай журамд зааснаар тодорхой албан тушаалтнууд дипломат паспортыг эзэмшиж байгаа юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд болон төрийн өндөр албан тушаалын ТӨ- III-ТӨ-IV, ТӨ-IVА зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр буюу нөхөр, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан хүмүүс болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд төрийн тусгай хамгаалалтад байх хугацаанд, гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дипломат албан тушаалтан зэрэг хүмүүс багтаж байна.
М.Цацрал

Сэтгэгдэл (1)
базарсүрэн (66.181.161.43)
Та нар л хүний эрхийг зөрчиж байна дарга нар гэхээр тусдаа паспортой энгийн иргэд ингийн паспорт ашиглах ёстой юмуу