Ц.Магалжав: Бөхийн өргөөг хүч хэрэглэн авах гэж байна
- 2018-04-12
- Нийгэм
- 4

Өнөөдөр “Монгол ньюс” Мэдээллийн төвд МҮБХ-ны өнөөгийн нөхцөл байдлын талаар хоёрын талын байр суурийг илэрхийлсэн хэвлэлийн бага хурал боллоо.
Хуралд өнгөрсөн сард хуралдсан YIII “Их Эе”-ээс сонгогдсон тус холбооны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаяр, тэргүүлэгч гишүүн И.Доржсамбуу болон өмгөөлөгч Д.Одонтунгалаг нар ирсэн бол хурлын төгсгөлд Дархан аварга Х.Баянмөнх, М.Хүдэрбаатар нар ирж оролцлоо.
Уг хурлын үйл явцаас дуулгахад, хурлын эхэнд Ц.Магалжав яаралтай хурлыг хийх болсон талаараа тайлбарласан.
Тэрбээр “Үндэсний баяр наадамд 6 удаа түрүүлж, чөлөөт бөхийн олимпийн наадмаас мөнгө, ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат аварга бурхны оронд заларсан энэ үед хэвлэлийн хурал хийх болсондоо харамсаж байна. Учир нь өчигдөр “Монгол HD” телевизийн байранд хэсэг бөхчүүдийг цуглуулж, хурал болсноос гадна хэвлэл мэдээллээр Бөхийн холбооны ташаа мэдээллийг энэ үед гаргаж байгаад нь харамсаж яаралтай хурал хийхээс аргагүй боллоо. Цагийг эзэлсэн дархан аваргын бурхан болсон энэ үед хийж байгаа үйлдлээ түр зогсоогоочээ гэдгийг Л.Чинбат захиралд утсаар хэлсэн. Тэрбээр төлбөртэй мэдээллийг мэдээллийн сайтуудаар тавьж байна. Мөн өчигдөр өөрийн телевизийн байранд болсон хурал, уулзалтын үеэр “Би Бөхийн холбооны тэргүүн болсон. Оюуны өмчийн газраас тамга, гэрчилгээ өгсөн.” Тиймээс хуулийн дагуу тамга тэмдэг байгаа учраас ирэх бямба гарагт (2018.04.14) Бөхийн өргөөнд дайрч орно. Үүнд хамгаалалтын баг ажиллана” гэсэн мэдээллийг бөхчүүдэд өгчээ. Энэ талаар бөхчүүд бидэнд мэдээлсэн учраас бид яаралтай хурал хийхээс аргагүйд хүрлээ. Өмнө нь Бөхийн өргөөнд хоёр удаа дайран орох гэсэн ородлого гарсан. Бид Бөхийн холбоо, Бөхийн өргөөг авах юм бол бөхийн бай шагналыг нэмж, бөхчүүдийг цалинтай болгох зэрэг болзол тавьж, тэднээр гарын үсэг зуруулан авч үлдсэн байна. Эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлээд Цагдаагийн ерөнхий газар болон Шүүхийн байгууллагууд, Прокурорын газарт бүгдэд нь хандана. Мөн бөхчүүддээ хандаж хэн нэгэн мөнгөтэй хүний ятгалаганд орж, талцаж байгаа энэ асуудалд орохгүй байхыг анхааруулж байгаа. Уг нь бид энэ сарын 9-ний өдөр Л.Чинбат даргатай уулзаж, хамтран ажиллах талаар ярилцсан. Гэтэл маргааш нь бөхчүүдийг цуглуулж, хуралдан Бөхийн өргөөнд хүч хэрэглэн дайран орох гэсэн үйлдэл гаргаж, хэвлэл мэдээллээр төлбөртэй мэдээлэл цацаж байгаад харамсаж байна” гэв.
Харин Дархан аварга Х.Баянмөнх: ”2002 оны IY “Их Эе” хурлын ямар ч хүчин төгөлдөр бичиг байхгүй. YI “Их Эе”-ийг хүчээр хийж, намайг хүчээр хөөн гаргаж байсан. Мөн сая YII “Их Эе”-ийг Б.Бат-Эрдэнэ даргалж, ард иргэдийн толгойг эргүүллээ. Хуулийн дагуу явах хэрэгтэй. Би энэ холбоог албан ёсны Үндэсний Бөхийн холбоо гэж үзэхгүй. Монголын ард түмэнд үнэн үг хэлэх ёстой. Хэн ч худал үг хэлж болохгүй. Өнөөдөр Улсын бүртгэлийг хүчингүй болгож байна. Шүүхийн шийдвэрийн захирамж гарчихсан байхад үгүйсгэдэг. Надад дахин 10 жил бөхийн төлөө зүтгэх чадвар бий. Оюун ухаан мөнхөд байдаг. Энэ Бөхийн холбоог бөхчүүдээс гадна энгийн иргэд ч авах ёстой. Би болоогүй байна. Бөхийнхөө төлөө тэмцэнэ“ гэлээ.
Б.Цэнгэл

Сэтгэгдэл (4)
(183.81.171.3)
Төр иргэдийн эв эеийг сахиулах үүрэгтэй гэтэл асуудал шийдэгдээхгүй байхад нь зөвшөөрлийн бичиг өгч баталгаажуулаад байдаг. Чинбат гэдэг эрхэмд бөхийн өргөө л дутаад байгаа юм байх даа. Бөхийн өргөөг барих санаачлга гаргаад энэ холбоог өнгөтэй өөдтэй аваад явсан улс нь амьд арзайж байгааг бүгд харж байна..Хүний шухал хязгааргүй юм даа.
Зочин (103.26.195.116)
Зүгээр л энгийн ойлголтоор бодож үзэхэд зүүний магнай нэг дархан аварга нь бурхан болсон хөдөөлүүлж амжаагүй ийм үед энэ настай хүн ингээд явж байх нь үнэхээр ичмээр юмаа.Нойр нь хүрдэггүй юм бол тэсч байгаад дараагийн нэг дэх өдрөөс хэрүүлээ хий дээ .Бөх сонирхогчид ийм хүнийг хэзээ ч дэмжихгүй шүү.
(202.72.244.172)
ШУНАЛ ТАЧААЛААР ДҮҮРЭН ЯВАХ БАЯНМӨНХӨД САЙХАН КАЙФТАЙ БАЙДАГ ЮМ БАЙХ ДАА.ИНГЭЭД БАЙВАЛ УДАХГҮЙ ЧИ МӨӨЕӨ АВАРГЫН ХОЙНООС ЯВНА ДАА ХАРЖ БАЙГААРАЙ ЗАА
(112.72.14.110)
Энэ Баянмөнх ёстой муухай хүн юмаа нэгэн үе баруун зүүнйй манлай болж явсан их аврага Мөнхбат гуай мөнх бусыг үзүүлээд байхад нөгөө хэрүүлээ хийгээд л хороо найруулаад л явах юм. Ямар их шунал вэ.