Ж.Мөнхбат аваргыг сүүлчийн замд нь үдлээ
- 2018-04-13
- Нийгэм
- 0

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, дархан аварга Жигжидийн Мөнхбат дөрөвдүгээр сарын 9-нд таалал төгсч, бөхөд хайртай монгол түмэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиож байна. Ж.Мөнхбат аваргатай салах ёс гүйцэтгэх ёслол өнөө өглөө Спортын төв ордонд боллоо. Салах ёс гүйцэтгэх ёслолд төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, спорт холбоодын удирдлагууд болон үндэсний бөхийн дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, аварга О.Балжинням, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат нар энгүй хүчит аваргаа сүүлчийн замд нь үдлээ. Энэ ёслолд Ж.Мөнхбат агсаны отгон хүү, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар гашуудлын үг хэлсэн бөгөөд талийгаачийн шарилыг “Алтан-Өлгий”-д заллаа. Түүний гавьяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин цол хүртээж, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиуд, “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнаж байлаа. Талийгаачийн эх орноо гэсэн халуун сэтгэл, хөдөлмөрч, уйгагүй, бардам, нөхөрсөг зан чанар, үндэсний бөх болон их спортод үзүүлсэн агуу амжилт монгол хүн бүрийн сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.



Сэтгэгдэл (0)