Өрхийн бодит зарлага нэмэгдсэн нь хэрэглээний зээлийн өсөлтийг эрчимжүүлж байна
- 2018-04-14
- Нийгэм
- 0
Хэрэглээний зээлийн өсөлт огцом эрчимжиж байгаа нь дунд хугацаанд эрсдэл дагуулах магадлалтай учраас урьдчилан сэргийлэх үүднээс зохицуулах шаардлагатай гэж Төв банкны төлөөлөл үзэж байна. Тиймээс өрхийн зарлага, орлогын харьцааг тогтоох, мөн хэрэглээний зээлийн хугацааг тогтоож өгөх замаар эрсдэлээс урьдчилан сэргийлэх саналтай байгаагаа илэрхийллээ. Хэдий тийм боловч хэрэглээний зээлийн өсөлтөд зохицуулалт хийх эсэх эцсийн шийдвэрийг Мөнгөний бодлогын зөвлөл гаргах юм байна. Өрхийн бодит зарлага 2017 оны сүүлийн гурван улирал дараалан өссөн нь хэрэглээний зээлийн өсөлтийг эрчимжүүлж байна гэж Төв банк үзжээ.
Инфляцын төлөв байдлын тайланд тусгаснаар өнгөрсөн оны IV улиралд өрхийн хэрэглээ тэлсэн нь сүү, сүүн бүтээгдэхүүн, цэвэр ус, ундаа, тээвэр, амралт, чөлөөт цаг, эм, эмнэлгийн хэрэгсэлд зарцуулах зардлын өсөлттэй холбогдож байна. 2017 онд өмнөх онтой харьцуулахад хүнсний зарлага 10.7 хувиар, хүнсний бус зарлага 15.9, бусад зарлага 18.7 хувиар өсчээ. Ингэснээр өрхийн бодит зарлага өмнөх оны мөн үеэс 7.1 хувиар тэлээд байна. Үүний зэрэгцээ нийт зээлийн өсөлтийн дийлэнхийг хэрэглээний зориулалттай зээлийн өсөлт бүрдүүлж байгаа аж. Бизнесийн зориулалттай зээлийн өсөлт сүүлийн гурван жилд тэг орчимд хадгалагдаж байгааг Монголбанк онцоллоо. Өнгөрсөн онд цалингийн болон хэрэглээний зээлийн өсөлт шинээр олгосон нийт зээлийг найман нэгж хувиар нэмэгдүүлсэн байна.
Б.МӨНХ

Сэтгэгдэл (0)