Сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 120 мВт-д хүрчээ

 “Сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Хэлэлцүүлэгт Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлага болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сангийн судлаач, Монголд үйл ажиллагаа явуулж буй сэргээгдэх эрчим хүчний компаниудын төлөөлөл оролцсон юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд төр, хандивлагч орнууд, олон улсын санхүүгийн болон хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах замаар хувийн хэвшлийг дэмжиж энэ салбарт тодорхой ахиц гарч буйг тус салбарынхан онцоллоо. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 120 мВт-д хүрээд байгаа аж. Хэдийгээр манай улсад сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжих таатай боломж, эерэг үзүүлэлтүүд гарч байгаа ч тулгамдаж буй асуудал болон бодлогын зохицуулалт, мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгааг салбарын яамнаас онцолсон юм. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “2011 оноос эхлэн сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалт хийсний үр дүнд 50 мВт-ын “Салхитын салхин цахилгаан станц”, Дархан-Уул аймгийн 10 мВт- ын нарны цахилгаан станц, Улаанбаатар хотын ойролцоо 10 мвт-ын нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулж Төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан эрчим хүчийг тогтвортойгоор нийлүүлж байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь 50 мВт-ын хүчин чадалтай хоёр дахь салхин цахилгаан станцын барилгын ажил үргэлжилж байгаа юм.

Цаашдаа сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх, нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүчний томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогыг 2015 онд УИХ-аар баталсан бөгөөд нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээг 2020 онд 20, 2030 он гэхэд 30 хувьд хүргэнэ гэж төлөвлөсөн” гэв. БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал “Хүлэмжийн хийн ялгаралд хамгийн их хувь эзэлж байгаа салбар нь эрчим хүч, дараа нь хөдөө аж ахуй болж байна. Энэ салбарыг дэмжих тал дээр дэлхий даяар санхүүгийн механизм давхар ажилладаг. Сэргээгдэх эрчим хүчний хувьд хамгийн чухал асуудал нь тарифын асуудал байдаг. Тухайн эх үүсвэрийн хөрөнгө оруулалт өндөр байдаг учраас сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф өндөр байдаг. Энэ салбарт олон улсын буцалтгүй тусламж зэрэг олон төрлийн механизмыг ашиглаж байгаа учраас тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой” гэлээ.

Монгол Улсын хэмжээнд нийлбэр хүчин чадал нь 20 мВт бүхий хоёр, 100 мВт бүхий хоёр салхин цахилгаан станц, 0.38-12 мВт хүртэлх дөрвөн усан цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний 145.4 мВт-ын нийлбэр чадал бүхий найман үйлдвэрлэгч 2017 онд 262.2 сая квт.ц цахилгаан эрчим хүч нийлүүлж, эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадлын 11.8 хувийг эзэлж байна.

Б.МӨНХ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)