“Буянт-Ухаа II” хорооллыг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлнэ
- 2018-04-16
- Нийгэм
- 0

“Буянт-Ухаа II” хорооллын 972 айлын орон сууцны 18 барилга 80 хувийн гүйцэтгэлтэйгээр зогссон. Тэгвэл барилгын дутууг Хөгжлийн банкны санхүүжилтээр үргэлжлүүлж, ирэх арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөсөн байна. “Буянт-Ухаа II”-оос гадна дөрвөн аймагт ТОСК- ийн үлдээсэн барилгуудыг гүйцээж барихаар Хөгжлийн банкнаас 55 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдээд байгаа аж. Хөгжлийн банкнаас авсан зээлийн гэрээний дагуу хүү тооцох бөгөөд одоогийн байдлаар ТОСК-д 334 тэрбум төгрөгийн өр үүссэн байна. Энэ тухай Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн “ТОСК шиг байгууллага бусад оронд барилга барих гүйцэтгэлийн ажил хийдэггүй юм байна.
Зохицуулалт хийх хэлбэрээр ажилладаг. Өөрөөр хэлбэл, сан байгуулж, барилгын компаниас байрыг нь худалдаж аваад, иргэдэд урт хугацаагаар олгодог ипотекийн зээлийн гол эргэлтийг бий болгох үүрэгтэй. Гэтэл манайд энэ нь эсрэгээрээ явсны уршиг өнөөдөр гарч байна. ТОСК Буянт-Ухаа болон зарим аймагт 200-1000 айлын орон сууц барихаар эхлүүлж, санхүүжилтээс үүдэн барилгын ажил зогсоод байгаа. Тиймээс Засгийн газраас энэ ажлыг үргэлжлүүлж, барилгын ажлыг гүйцээхээр боллоо. Түүнчлэн найман хувийн орон сууцны зээл зогсонги байдалд орсон нь тус корпорацийн эхлүүлсэн ажил царцахад нөлөөлсөн” гэж тайлбарлалаа.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)